Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж байлдаанд оролцсон нэгтгэл ангиудын “Дайчин туг”-ийн аяллын уулзалт арга хэмжээ ардын хувьсгалын өлгий, амуу буудайн эх нутаг, Монгол төрийн дээд шагнал Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт Сэлэнгэ сайхан нутгаас маань эхэллээ. Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч генерал Д.Бадам, Батлан хамгаалах яамны ахмадын хорооны ажилтан бэлтгэл дэд хурандаа Г.Батмөнх, Сүхбаатар сумын иргэн ахмад дайчин Г.Дашхүү, Улаанбаатар төмөр замын ахмадын холбооны гүйцэтгэх захирал Н.Жанчив, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач хошууч Т.Сүхбаатар нарын албаны хүмүүс, ахмад дайчид, хүчний байгууллагын офицер, ахлагч, алба хаагчид, ард иргэд оролцлоо. Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын алтан тайзан дээр байлдаанд оролцсон тугийг залж хүндэтгэл үзүүлэв.

Халх голын дайн бол хамгийн бага талбайд хамгийн их зэвсэг техникийн хүчээр тулалдсан дайн болсон гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Т.Сүхбаатар хошуучийн мэдээлэлд тус дайны хор уршгаар Зөвлөлтийн 9200, Монголын 990, Японы 18000 хүн амь үрэгдсэн гэсэн судалгааны мэдээлэл байгааг танилцуулсан. Та бид эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж амь насаа өргөсөн баатарлаг дайчдаа мартах учиргүй. Гавьяат үйлсийг нь хойч үедээ дамжуулан түгээж мөнхөд бахархан санан дурсаж явах ёстой.