Өнөөдөр Сүхбаатар сумын “Гурван мэргэд” захын түрээслэгчдийн төлөөлөл аймгийн Засаг дарга Ш.Оргилтой уулзаж үүссэн нөхцөл байдлаа танилцууллаа. Түрээслэгчид захыг аймгийн МХГ-аас 2019 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 16:00 цагт хаах шийдвэрийг гаргаад байгаа гэлээ. Өнгөрөгч 2018 оны 11-р сард мөн “хаах” шийдвэрийг гаргаж байсан ч аймгийн Засаг даргаас түрээслэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж 2019 оны 3 дугаар сарын 1 хүртэл хаах шийдвэрийг түр хойшлуулах хүсэлтийг аймгийн МХГ-т хүргүүлснээр зах үйл ажиллагаагаа хэвийн явуулах болсон. Энэ хугацаанд захын удирдлагад орчин нөхцөлөө сайжруулах хугацаатай үүрэг чиглэлийг өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл хүний нүдэнд харагдахаар өөрчлөлтийг эхлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн байдал харагдахгүй байгаа юм. Ар гэр, амьдрал ахуйгаа авч яваа түрээслэгчдийн хувьд энэ шийдвэр хүнд тусаж байгааг уулзалтын үеэр илэрхийлж байв. Аймгийн даргаас Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад “Гурван мэргэд” захын түрээслэгчидтэй уулзаж, тэдний эрх ашгийг хамгаалсан, дэмжлэг болохуйц судалгаа, тооцоотой саналыг 1 дэх өдөр танилцуулах хугацаатай үүрэг даалгаврыг өглөө. Амьдрал ахуйгаа авч яваа олон арван түрээслэгчдийг хохироолгүй, боломжтой хэлбэрээр асуудлыг танилцуулахыг анхааруулав. Сүхбаатар сумын Засаг даргаас танилцуулах саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр боллоо.