Энэ л цаг мөчид Аугаа их эх орны дайны Ялалтын 74 жилийн түүхэн ой тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх уламжлалт үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич болон Алтанбулаг сум, Хиагтын районы удирдлагууд, Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, төр захиргааны ахмад ажилтнууд, нутгийн ард иргэд оролцлоо.

Энэ жилийн онцлог зөвлөлтийн дайчдын хөшөөг шинээр аймгийн Нэгдсэн музейн хашаанд барьж шинэ хөшөөний нээлтийг давхар хийсэнд оршиж байв. Зочид, төлөөлөгчдөд зориулан Алтанбулаг сумын сургуулийн сурагчид, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид, Таван хан морин хуурын чуулгын сурагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Жилээс жилд дайнд оролцож явсан ахмад дайчдын тоо цөөрсөөр…


Монголчууд бид түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад Оросын ард түмэнтэй дайны эхний өдрөөс эцсийн мөч хүртэл сэтгэл нэг байж “Хувьсгалт монгол” танкын цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсан түүхтэй билээ. 


Залуу хойч үе, хүүхэд багачууд маань 74 жилийн тэртээ алтан амиа өргөн байж энх цагийг бидэнд авчирсан тэрхүү баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг үүрд хүндэтгэж, мөнхжүүлж явах учиртай.