С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын Ц.Амгаланбаатар болон ШШГЕГ-ын ажилтнууд зэрэг хүмүүс зодож, тамлан эрүүдэн шүүж буй бичлэгийг өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд МҮОНТВ-ээр цацсан. Уг бичлэгт гарч буй, Ц.Амгаланбаатартай хамт Б.Содномдаржаагийн хоригдож буй өрөөнд орж ирсэн эрийг “И” хэмээн нэрийг нь нууцалж байсан. Ял эдэлж буй хүмүүсийн дунд “Өндөр” Итгэл гэж танигдсан Итгэлтөгс гэх эр улаан подволк, малгайтай, Ц.Амгаланбаатартай хамт хорих өрөөнд орж ирэн Б.Содномдаржааг зодож буй нь бичлэгт тод үлдсэн. Тэгвэл  Ц.Амгаланбаатарын үгэнд орохгүй байвал зоддог, галуун цуваагаар алхуулдаг, суниалгадаг, унтуулахгүй явган суулгаж байгаа тэрхүү эрийг Итгэлтөгс гэдэг ажээ.

Итгэлтөгсийн хувьд согтуудаа хүүхдийн цэцэрлэг дотор найзыгаа хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн.  Тэрбээр эрүүдэн шүүх тухайн үед хүн амины хэргээр ял эдэлж байсан бөгөөд  хүн амины хэргээр 16 жилийн ял авч 10 жилийн ял эдлээд бичлэг дээрх үйлдлээс хойш суллагдсан байна.

Харин  эрүүдэн шүүж байгаа бичлэг задарч олны анхааралд орсноос хойш Итгэлтөгсийг дахин шалгаж эхэлсэн бөгөөд  түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлж мөрдөн байцааж буй аж.