Холливудын нэгэн сайхан хос 2 тийш болж буйгаа албан ёсоор зарласан байна. Брэдли Күүпер, Ирина Шейк нар 4 жил үерхсэнийхээ дараа ийнхүү салж, шүтэн бишрэгчдээ гайхашруулаад байна. Энэ жил 44 настай жүжигчин Брэдли Күүпер, 33 настай супермодель Ирина Шейк нарын дундаас төрсөн охин болох Лиа нь одоо дөнгөж 2 настай билээ.

Эргэн сануулахад одоогоос 4 жилийн өмнө буюу 2015 онд Брэдли Күүпер нь өөрөөсөө 17 насаар дүү супермодель Сүки Воутерхаусаас салсан даруйдаа Оросын супермодель Ирина Шейктэй болзож эхэлсэн гэдэг. Тухайн үед Ирина Шейк ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Рональдогоос салаад удаагүй байсан юм.

Ирина, Брэдли хоёрын хувьд 4 жил үерхэхдээ тэр бүр олон нийтийн анхаарлын төвд очихоос зайлсхийдэг, хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг байсан юм. Бүр тодруулбал өнгөрсөн жилийн Met Gala наадмын үеэр л анх удаа томоохон ёслолд хамтдаа хүрэлцэн ирж оролцсон байдаг.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Брэдли, Ирина хоёр харилцаандаа сэтгэл хангалуун биш болоод нилээд хугацаа өнгөрсөн төдийгүй, өнгөрсөн жил дэлхийн хэмжээний хит болсон “A Star Is Born” киноны үеэр 2 тийш болох талаар нухацтай бодож үзсэн гэнэ. Ямартай ч, Ирина Шейк маш ухаалаг шийдвэр гаргасан нь Брэдли Күүперийн карьерын эгзэгтэй үе тохиосон, анх удаа кино найруулж, түүнийхээ гол дүрд тоглож, дэлхийн хэмжээнд нээлтээ хийж байгаатай нь давхцаад салж сарних тухай ярихаа хойшлуулсан явдал ажээ.

Брэдли Күүперын найруулж, гол дүрд нь тоглосон “A Star Is Born” кино нээлтээ хийж, киноны сурталчилгааны ажил ид үедээ явж байсан тул Брэдли, Ирина хоёр зөвлөлдөөд салах асуудлыг хойшлуулсан нь тодорхой болж байна. Ийнхүү Холливудын нэгэн сайхан хос албан ёсоор салж байгааг дэлхийн шоубизнесийн эх сурвалжууд орон нутгийн цагаар пүрэв гарагт мэдээллээ.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан