Өв соёлоо дээдлэгч Үндэсний банк гэгдэх Худалдаа хөгжлийн банк үнэн хэрэгтээ соёлын өвд халгаатай банк бололтой. Ингэж хэлэхийн учир нь тус банкны барихаар төлөвлөөд буй 30 орчим давхар барилга нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн Макс товер, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Мөн архитектурчид Чингэлтэй дүүргийн 4-р хорооны тухайн газар нутагт Сэлбэ гол урсаж байсан чийгтэй, сийрэг хөрстэй болохоор ойр орчимд нь өндөр барилга барих юм бол ойр орчмын барилгын хөрсөнд суулт үүсэж, нурах эрсдэлтэй гэдгийг баталж байгаа юм.

Хэдийгээр өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй ч гэсэн Худалдаа хөгжлийн банкны барилгын гүйцэтгэгч болох “Рийверстөүн пропертис” ХХК, “Эгц шугам” ХХК нь 2018 оны 7 дугаар сар 14-ний шөнө нийтийн эзэмшлийн зам талбайд газар доорх бохир усны шугамыг өөрийн барилгын талбайгаас зайлуулах зорилгоор нийтийн эзэмшлийн явган зам талбайг хуулж ухахдаа өөрийн барьсан хамгаалалтын хашааг сунган барьж, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан байдаг. Өнөөдөр өглөөний байдлаар Худалдаа хөгжлийн банк нийтийн зам эзэмшлийн зам талбайг эвдээд зогсохгүй хоёр урсгалтай замын нэг эгнээг хаажээ.

Нийтийн эзэмшлийн зам хааж тавьсан байдал

Нийтийн эзэмшлийн замыг эвдсэн ба замын тоосгыг хашаандаа ийнхүү овоолжээ

Нийтийн эзэмшлийн зам эвдэрсэн байдал

Улсын дугааргүй машин ийнхүү зам хаасан байхад ачилтын компаниуд ачихгүй байгаа нь сонин

Тэд энэхүү балмад үйлдлээ гурван удаа шөнө дөлөөр хийхийг завдаж бөхчүүд, хамгаалалтын ажилтнуудыг ашигласан бөгөөд энэ нь бичлэгт үлджээ.

Худалдаа хөгжлийн банкны 28 давхар барилга нь зоорийн гурван давхартай байхаар төлөвлөгджээ. Хэрвээ зураг төслөөрөө баригдах юм бол хамгийн түрүүнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нурах эрсдэл өндөр байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг Засгийн газрын 1994 оны 233-р тогтоолоор “Түүх, соёлын дурсгалын жагсаалт”-д багтаан Улаанбаатар хотын хамгаалалтад, Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор “Өндөр хоршоо” хэмээх 2 давхар байшин нэрээр “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалын жагсаалт”-д оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны барилга баригдах юм бол Худалдаа хөгжлийн банк түүх, соёлд халдаж байгаа хэрэг юм.

Соёлын хосгүй өвийг хадгалж, хамгаалах үүрэг, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэн Худалдаа хөгжлийн банк оршин суугчдын төлөөлөл, Макс товерын төлөөлөл, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн хамт олны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ядаж хөрсний шинжилгээ хийж үзээд болзошгүй эрсдэлийг тооцож үзээсэй. Эс бөгөөс олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахаар байгааг сануулах нь илүүц биз. Өнөөдөр соёлын өвийг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг бөгөөд асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авах эрх нь Улаанбаатар хот, Засгийн газарт байгааг Худалдаа хөгжлийн банкныханд сануулж байна.