Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан талаар бид мэдээлсэн.

М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан асуудлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэв.  Өөрөөр хэлбэл М.Энхсайханыг баривчилсан нь үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж дөнгөж сая шийдвэр гаргалаа. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Авлигатай тэнцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр М.Энхсайхан суллагдаж байгаа юм.