]”Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо таван охины ээж болж “Алдарт эх” буюу “Эхийн алдар” одонг энгэртээ гялалзуулаад байгаа билээ. Таван хүүхэд төрүүлнэ гэдэг бага тоо биш. Гэсэн ч дахиад хүү төрүүлэх бодолтой байгаа тэрбээр өөрийн нэрийн календарь гаргахаар болжээ. Үүндээ зориулан зураг авалтад оролцож, тун ч завгүй яваа тэрбээр “Гала” хамтлагт байх үеэ эргэн дурсжээ.

Ээж болсноосоо хойш даруухан, намбалаг төрхийг илүүтэй бүрдүүлэх болсон дуучин бүсгүй календарьтаа зориулан илүү өнгөлөг, зоримог стилийг бий болгосон байх бөгөөд энэ нь “Гала” хамтлагт байсан үеийг нь дахин сануулсан гэнэ. Үүнээс хойш өөрийгөө хурцлан илүү өнгөлөг, илүү тод хувцаслахаар шийдсэн тэрбээр энэ тухайгаа “Сүүлийн зургаан жил нэг төрлийн имижтэй байсан надад энэ зураг авалтын үеэр Гала хамтлагийг санагдуулам тод өнгийн хувцас хэрэглэл нь эрч хүч бэлэглэсэн. Таван охин төрүүлээд илүү даруу, намбалаг дүр төрх, хувцаслалтыг илүүд үзэх болсон байсан.

Харин одоо буцаад өөрийн дуртай тод өнгөнүүдээрээ гоёно оо. Галагийн Ануг тод гял цал хувцасладаг юм чинь хөнгөн хийсвэр охин байсан гэж дүгнэдэг хэсэг бүлэг хүмүүс байсаан. Гэвч тийм тархи хоосон, хөнгөн охин байгаагүй ээ. Хоногт дөрвөн цаг амраад бусад цагт нь сурч мэдэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөж явсан үе минь юм шүү. Хүмүүс минь хэн нэгнийг өнгөц байдлаар бүү дүгнэж байгаарай” хэмээсэн байна.

Түүний гаргах гэж байгаа календарийн зураг авалтын стилистээр түүний дүү Ч.Номинхолбоо ажиллаж байгаа гэнэ. Сүүлийн үед трэнд болж байгаа неон өнгө, чөлөөт стилийн хувцаслалтыг донжийг нь тааруулан, өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлсэн тэд тун ч сайн гар нийлж ажиллаж байгаа бололтой