….Болно доо болно оо хоёулаа

Бороотой зуны үдэш ирнэ дээ

Болно доо болно оо хоёулаа

Бодохоос чи минь хөөрхөн дөө

Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ хө…. дууных нь нэрийг “Болно доо болно” хүртэл өөрчлөж нэг хэсэг монголын ард түмэн амандаа аялаж байсан дуу бол Хөгжмийн зохиолч Б.Баасанхүүгийн үг, ая “Чи минь байгаа хойно” дуу юм.  Монгол улсын гавъяат жүжигчин Самандын Жавхлан анх дуулж  “Өмөлзөж харамлах нутаг” цомогт нь орсон байдаг.

Yндэсний хувцсаар гоёх дуртай эрхэм маань дууныхаа клипийг “Go” студид бүтээлгэсэн бөгөөд энэ дуу нь залуусын хайр сэтгэлийн тухай хөгжилтэйгээр харуулсан “Хайрын рекорд” хэмээх киноны soundtrack болж байсан юм. Тухайн үед дууны клипэнд дуучин С.Жавхлан өөрєє тоглосноос гадна “Хайрын рекорд” кинонд тоглосон жүжигчин Т. Хулан, С. Баттулга нар тоглож байсан билээ.

Нийтийн дуучид дундаа нэлээд “асуудалтай” байгаа хоёр бол яах аргагүй СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр юм. Оны эхээр хүүтэй болсон тэд хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд одоо бүр ил цагаандаа гарч 21 аймгийг тойрон аялан тоглолт хийсэн билээ.  “Амьдрал” тоглолтынхоо үеэр дуучин, МУГЖ С.Жавхлангийн дуулж олон түмэнд хүргэсэн дуунуудыг дуулсан ба “Чи минь байгаа хойно” дууг дуулж буй бичлэгийг сошиал ертөнцөд цацсан.

МУСГЗ З.Түмэнжаргалын үг, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим “Монголын тал нутаг” дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуулсан гэх шуугиан намдаагүй байхад Б.Баасанхүүгийн үг, ая “Чи минь байгаа хойно”  дууг дуулжээ.  Анхны хүүгээ Жавхлан гэж нэрлэсэн хосууд гавъяатын дууг хэн дуртай нь дуулж болно гэж бодсон мэт санагдах юм.

 

Ингээд та бүхэн хэн нь “Чи минь байгаа хойно” дууг илүү амилуулсанг дор бүрнээ тунгаах биз ээ.

Анхны бүхэн дараагийнхаас илүү байдаг хойно доо.

 

Б.Мөнхжаргал