Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аваргатосон нуур нь эрт дээр үеэс үе мөч, арьс өнгө, бөөр нуруу, эмэгтэйчүүдийн болон цус, мэдрэлийн олон төрлийн өвчнийг анагаадаг бөгөөд агаар, ус, шавар, нарны хосолсон эмчилгээний ач холбогдлоороо дэлхийд маш ховорт тооцогддог нуур юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ нуурыг зорих иргэдийн тоо ихсэхийн хэрээр нуурыг бохирдуулах хүчин зүйлс ч нэмэгдэж, Аваргатосон нуур амь тэмцэх болов. Өнөөдрийн байдлаар Аваргатосон нуурыг тойроод 250 гаруй хувь хүн, албан байгууллага газар эзмших зөвшөөрөл авсан бүртгэл байна. Эдгээрийн 50 хувь нь буюу 100 орчим иргэн, аж ахуй нэгж амралт сувиллын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Зөвхөн зуны гурван сарын хугацаанд 25000 орчим амрагч энэ нуурыг зорин очдог байна. Хэдийгээр зундаа тус газар оронд аялал жуулчлал дагасан олон зүйл нэмэгдэж байгаа ч амрагчидын хайхрамжгүй, ухамсаргүй үйлдлийн улмаас ийнхүү дэлхийд ховор гайхамшигт нуур бохирдож, ширгэж, өвчин анагаагч шимүүр, хануур хорхойнууд нь устаад байгаа юм. Мөн тосон нууртай зэрэгцэн оршдог Гүн Бүрд нуур зүй зохисгүй хэрэглээнээс үүдэн бохирдож, хүн орох аргагүй болсоноос гадна ширгэж эхлээд байна. Тиймээс Бүрд нуурыг мөн адил сэргээж чадвал Тосон нуурын ачаалал багасах боломжтой аж.

“Аварга тосон рашаан ус хамгаалах нийгэмлэг” ТББ-ийн тэргүүн Б.Эрдэнэбат: Химийн найрлага, эмчилгээний ач холбогдолоороо дэлхийд ховорт тооцогддог нуур маань ширгэж, хэдхэн жилийн дараа гэхэд устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Тиймээс энэ нуурын эрэгт хүүхэд насаа өнгөрөөсөн хэсэг нөхдийн хамт “Хөдөө арлын хүүхдүүд” төслийг санаачилж, Аварга тосон рашаан болон Бүрд нуураа нөхөн сэргээх, эмчилгээний ач холбогдолыг нь хэвээр авч үлдэхийн тулд хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр бэлэн болоод байна. Мөн БОАЖЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, Тосон нууранд судалгаа, шинжилгээ хийхээр болсон. Энэхүү судалгааний үр дүнгээс шалтгаалан олон ажил хийгдэнэ. Шаардлагатай бол ойрын хэдэн жилдээ амрагч хүлээж авахгүй нуураа амраах хүртэл арга хэмжээ авна. Нуур бохирдох болсон гол шалтгаан бол хүмүүсийн буруутай үйлдэл, зүй зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Жишээлбэл иргэд биедээ тавьсан шаварыг нууранд орж угаадагаас болоод нуурын гүнд шавар лаг үүсч, энэ нь нуурын ундрагыг нь бөглөх болсон. Түүнчлэн янз бүрийн химийн бодис, саван, угаалгын нунтаг хэрэглэдэг, хийлдэг гудас, завь зэрэгтэй ордог. Энэ нь эмчилгээний нууранд хориотой байдаг. Харин Бүрд нуурын хувьд мал оруулах, машин болон хувцасаа угаах зэрэг зохисгүй үйлдлүүдээс болж маш ихээр бохирдоод байгаа. Тиймээс нэн түрүүнд бидний хийх ажил бол энэ нутаг орныг зорин ирдэг амрагч, сувилуулагчид нуурандаа зөв зохистой орох, хэрэглэх заавар зөвлөгөөг өгөх, шавар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст зориулж нуурын гадна шавараа угаах угаалгын газар, хувцас солих газар байгуулах, хогийн сав, био нойл, авто зогсоол барих зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлага бий болоод байна. Иймд Аваргатосон нуурын ач тусыг мэдэх хэн бүхэн энэ нутагт ирж амарч сувилуулах гэж байгаа бол энэхүү гайхамшигт нуураа авран хамгаалах, насыг нь уртасгахад сэтгэл зүрхээ нэгтгэж, зөв зохистой үйлчлүүлээсэй гэж хүсч байна.