Архангай аймгийн Өгийнуур суманд 2018 оны эхээр малын гоц халдварт шүлхий өвчин  илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш уг өвчинг дарж дийлэлгүй өвөл, хавар, зун гэсэн гурван  улирлын нүүр үзээд байгаа төдийгүй зэргэлдээх Батцэнгэл, Төвшрүүлэх сумын малд халдварлаад байгаа мэдээ орон нутгаас ирлээ.

Өгийнуур суманд өвчилсөн бүх  малыг устгаж, хорио цээрийн  дэглэмийн бүсэд байгаа бүх үхрийг вакцинжуулсан гэх боловч 6 дугаар сарын эхээр хонинд энэ өвчин илэрч дахин онцгой дэглэм тогтооход хүрээд байна. Анх  тус сумын зэргэлдээ Хотонт суманд энэ өвчин  гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод, 2 сарын дотор таслан зогсоож чадсан байхад Өгийнуур суманд энэ өвчин улам даамжирч, удтал үргэлжилсэн хорио цээрийн дэглэмтэй бүс нутаг болоод байна.

Хавар зүтгүү орсон малчид гоц халдварт өвчнөөр малаа олон тоогоор устгуулахын зэрэгцээ хатуу хахир өвөл хаврын хэцүү цагт мал нь ихээхэн хэмжээгээр өлгүйдэж хорогдсон, зуны эхэн сар гарсаар байхад дусал ч бороо ороогүй, ямар ч өвс ногоо ургахгүй, мал нь  одоо ч өргүүлж хорогдсоор  байхад хонинд энэ өвчин бас нэмж шинээр гарч, дахин олон малаа устгуулах дээрээ тулаад байгаад  малчдын сэтгэл гудгар байна.

Өгийнуур сумын Засаг даргыг өнгөрсөн оны сүүлчээр ажлыг нь дүгнээд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь огцруулсан боловч, аймгийн зүгээс    удтал удирдлагагүй, Засаг даргагүй явуулж байгаад сумын иргэд бухимдалтай байна. Сум удирдлагагүй явснаас  хорио цээрийн дэглэм илт алдагдсан, хяналт хариуцлага сул, нэгдсэн  удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэж холбогдох яам тамгын газарт нутгийн иргэдээс санал гомдол тасрахаа байжээ. Аймгийн Засаг дарга нь сум орон нутаг нь гамшгийн байдалтай эзэнгүй  байхад санаа зовсон шинжгүй, гамшгийн бүст ганц  ч удаа ирж, нөхцөл байдалтай танилцаагүй төдийгүй сумын Засаг даргыг томилох асуудлыг аргацаан хойшлуулсаар өнөөг хүрчээ.

Н.Булган