Хүмүүс бид бүхий л амьдралынхаа турш аз жаргалд хүрэхийн төлөө тэмүүлдэг. Гэвч хүн төрөлхтөний тун цөөхөн хувь нь л жинхэнэ аз жаргалд хүрдэг гэх. Учир нь аз жаргал биднээс зугатаах бус, харин бид өөрсдөө аз жаргалаасаа зугатдаг аж. “Сэтгэлийн дархлаа” энэ удаад Америкийн телевизийн алдарт хөлтлөгч Опра Уинфригийн буддын шашны тэргүүн, XIY Далай лам Данзанжамцтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Аз жаргалд хэрхэн хүрэх тухай таны номыг олон сая хүн уншсан. Гэвч материаллаг сонирхол давамгайлсан өнөөгийн нийгэмд хэрхэн аз жаргалд хүрэхээ хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх шиг?

Хэдийгээр хүмүүс амттай хоол, дулаахан тохилог байр, өндөр цалинтай ажил гээд амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц олон зүйлсийг өөрийн болгож чадсан ч аз жаргалгүй амьдралаар амьдарч, түүнийг хайсаар л байдаг. Гэвч та бид хоёрын нүдний өмнө баян чинээлэг амьдралтай мөртлөө сэтгэлдээ айдас түгшүүрийг тээсэн хүмүүс, бас тийм ч элбэг хангалуун амьдралтай биш атлаа гэр бүл нь аз жаргалтай, баяр хөөртэй хүмүүс зэрэгцэн оршсоор байгааг харж болно. Учир нь тэдгээр ядуу мөртлөө аз жаргалтай хүмүүсийн сэтгэл зүрх нь бусдыг энэрэн нигүүлсэх хайраар дүүрэн бялхаж байдаг учраас л тэр шүү дээ.

Та аз жаргал эд хөрөнгө, мөнгө, албан тушаалд биш, харин хүний оюун санаанд оршдог гэж хэлэх гээд байна уу?

Тийм ээ. Яг тэгж хэлэх гээд байна. Сэтгэлийн аз жаргал бол бие махбодын аз жаргалаас хамаагүй илүү чухал зүйл. Бие махбодын аз жаргал бол материаллаг сонирхлоор хангагддаг. Гэвч материаллаг эд зүйлс танд сэтгэл санааны аз жаргалыг хэзээ ч өгч чадахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Таны хэлж байгаа бараг үнэн байх аа?

Хэрэв та байгаа зүйлдээ сэтгэл дундуур байгаад л байвал илүү ихийг хүсч, шунасаар байх болно. Харин та өөрөө өөртөө “Би байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна” гэж өдөр болгон хэлээд сурчих юм бол хүсэл шуналын гачаалаас гарч, аз жаргалтай байх болно.

Амар амгалан, аз жаргалтай байхын үндэс нь энэрэн нигүүлсэх, бусдыг хайрлах явдал гэж та хэллээ. Тэгвэл таныг өөрийг чинь зовж, шаналж байх үед хэн таныг өрөвдөж, хайрладаг вэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ?

Өлсөж, өвдөж, шаналж байгаа ядуу хүмүүст өөрөөсөө бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл хаанаас төрдгийг мэдэх үү. Тэр хүн өөрөө ч тэр, гэрийнхэн нь ч тэр өлсөж цангаж, өвдөж зовж байхад уг хүнээс нь “Чи өөрөөсөө баян тансаг, илүү амьдарч байгаа бусад хүмүүсийг өрөвдөж хайрлах хэрэгтэй” гэж шаардах нь тийм ч амархан зүйл биш л дээ.

Хүнд нөхцөл байдалд байгаа хүмүүсийн хувьд бусдын зовлонг ойлгох нь тийм ч амар биш байдаг. Гэвч ядуу хүмүүс оюун санааны хувьд баян хүмүүсээс илүү амар амгалан, айдас түгшүүргүй байдаг нь энэ хорвоогийн бодит үнэн. Ядуу, баян хоёр хүнийг харьцуулаад үзэхэд ихэнх тохиолдолд баян хүн нь илүү аз жаргалгүй, айдас түгшүүртэй, мөнхийн ямар нэгэн зовлон шаналалтай байдаг.

Буддизм өөрөө аз жаргалд хүрэх зам яг мөн үү?

Мэдээжийн хэрэг зарим хүмүүс буддизм зовлонгийн тухай хэтэрхий их ярьдаг гэсэн сэтгэгдэлтэй байдаг. Амжилтанд хүрэхийн тулд хүн хэтэрхий шаргуу ажиллана, ингэснээр чөлөөт цагийг маш ихээр золиослох ёстой болдог. Бурхны шашин бол мөнхийн аз жаргал, амар амгаланд хүрэхийн тулд хялбархан олдож байгаа өдөр тутмын материаллаг аз жаргалаа золиослохыг номлодог. Гэвч мөнхийн аз жаргалыг олох нэрийдлээр материаллаг аз жаргалын хойноос хэт шунан дурлаж, хөөцөлдөх нь өөрөө хүнийг аз жаргалгүй болгодог.

Хэдийгээр та бурхны шашны аз жаргалд хүрэх замыг сурталчилдаг ч ертөнцийн бүх хүмүүст өөрийнхөө амьдралын итгэл үнэмшилдээ үнэнч байхыг захисан шүү дээ. Яагаад тэр вэ?

Би материалзимд хандах хүмүүсийн итгэл үнэмшлийн тухайд биш, харин өөрийнхөө шашин шүтлэгт хандах итгэл үнэмшлийн тухайд ингэж хэлсэн юм шүү дээ. Дэлхийн бүх шашин дор бүрнээ олон мянган жилийн настай, бас уламжлалтай байдаг. Тиймээс өөрөө өөрийнхөө шашинд итгэл үнэмшилтэй, туйлбартай хандахыг л уриалсан гэж ойлгож болно.

Христэд итгэгч хүмүүс бурхны шашинд итгэл үнэмшилтэй болж чадна гэдэгт та итгэдэг хэрэг үү?

Тийм ээ. Би тэгж бодож байна. Бясалгал бол бурхны шашнаас үүсэлтэй нэг төрлийн арга барил. Христийн шашныхан бясалгах арга барилыг буддизмаас өөриймсүүлж авсан байдаг шүү дээ.

Тэгвэл шашин шүтлэг бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

Бусдыг энэрэн нигүүлсэх, халамжлан хайрлах мэдрэмжийг шашин бидэнд өгдөг.

Тэгвэл дэлхий дээр хүн болж ирсэн бидний гол зорилго юу юм бэ?

Хэн нэгэнд туслах.

Бид бие биедээ үйлчлэхийн тулд энэ ертөнц дээр амьдарч байгаа гэж ойлгож болох нь ээ?

Яг зөв.

Хүн шашны сургаалийг дагахгүйгээр өөрийнхөөрөө амьдраад явж болно биз дээ?

Бололгүй яахав. Гол нь чи эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу хэн ч байсан жинхнээсээ аз жаргалтай л байх ёстой.

Аз жаргалтай байх боломж, эрх нь хүн болгонд оногдсон гэдэгт би нэг л итгэлгүй байна?

Хүн аз жаргалд хүрэхийн тулд хүч чармайлт гаргах нь өөрөө тухайн хүний амьдралын үнэ цэнэ юм. Хүн төрөхөөс үхэх хүртэлх гол зорилго нь эрүүл, амьд, аз жаргалтай байх явдал. Бид оюун ухаанаараа хязгааргүй сэтгэдэгтэйгээ адилхан материаллаг хүсэл шуналаа бас л хязгааргүй байлгах гэж оролддог нь хамгийн гол алдаа маань юм шүү дээ.

Хэрэв энэ ертөнцийн хүн бүр бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байсансан бол манай дэлхий шал өөр байх байсан биз дээ?

Тийм ээ. Бид энэ талаарх өөрсдийн ойлголтыг бүрэн дүүрэн өөрчлөх хэрэгтэй юм. Ертөнцийн олон хүн хоорондоо ялгаатай нь үнэн. Гэвч та бидний ирээдүй хоорондоо ямар нэгэн зүйлээр заавал холбогдоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс бид тус тусдаа зовж шаналсаар ирсэн нь бодит үнэн. Гэвч хэзээ нэгэн цагт бид бие биенийхээ зовлон шаналалд анхаарал хандуулахаас өөр аргагүй болно.

Хүн төрөлхтөн биднийг нэг ижилхэн зовлон хүлээж байгаа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь хэдхэн минутын өмнө танай хөршийн байшинд гал гарчээ. Хэдийгээр энэ танд хамаагүй мэт боловч гал хэдхэн хормын дараа танай гэрийг яг хөршийн чинь гэрийн адил нөмрөн авах болно. Үүнтэй адилхан хүмүүс бидний зовлон жаргал ч бас тус тусдаа юм шиг боловч бие биеэсээ заавал хамааралтай гэдгийг ойлгох учиртай.

Миний ирээдүй хүн төрөлхтөний ирээдүйтэй шууд холбоотой. Тиймээс энэрэнгүй байх нь миний хамгийн гол зорилго.

Далай лам гэдэг хүн бусад хүмүүсээс тэс өөр хүн юм шиг танд өөрт чинь нэг ч удаа санагдаж байгаагүй юу?

Үгүй дээ үгүй. Ёстой нэг ч удаа үгүй шүү.

Бусад бүх хүний адилаар та өөрөө өөртөө эзэн үү?

Тийм ээ.

Гэвч та чинь бусадтай адилхан эгэл хүн биш шүү дээ?

Үнэн шүү. Чиний хэлдэг үнэн.

Та бол бурхны шашны тэргүүн, лам хүн. Гэхдээ та хэзээ нэгэн цагт үр хүүхэд, гэр бүлтэй болохыг хүсч байсан л биз дээ?

Би 15, 16 настай өсвөр насны хөвгүүн байхдаа энэ талаар нэг бус удаа боддог байлаа. Өсвөр насны минь энэ мөрөөдөл бол биологийн гарцаагүй шаардлагаар бий болсон хүсэл тэмүүлэл байсан гэж боддог. Гэвч намайг сургаж, хүмүүжүүлсэн лам нар надад шашны тэргүүн хүн гэр бүлтэй болохын хүндрэлтэй талыг сайтар хэлж, ойлгуулсан юм. Мэдээж хэрэг лам хүн гэр бүлтэй болж, бусдын авдаг таашаал, мэдрэмжийг авч болох боловч энэ нь над шиг шашны тэргүүн хүнд араасаа олон хүндрэлтэй асуудлыг дагуулж болох талтай.

Хүмүүс бясалгалаар их хичээллэдэг болж. Та ч бас олон цаг бясалгал хийдэг хүн. Ямар ч шашин шүтлэггүй хүн бясалгал хийх ямар вэ?

Бясалгал бол заавал шашин шүтлэгтэй гэхгүйгээр нийт хүн төрөлхтөнд асар их хэрэг болох зүйл. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө болон амьдралыг танин мэдэж, аз жаргалд хүрэхийн тулд заавал шашинд дагаар элсэх албагүй. Бясалгал хүмүүс бидэнд өөрийгөө таньж мэдэж, сэтгэл хөөрлөө удирдаж, бусдыг энэрэн нигүүлсэхэд асар тустай зүйл гэдгийг хэлье. Бясалгал хийснээр илүү тайван, илүү аз жаргалтай болдог.

Таныг ингээд ойроос харахад та үнэхээр баяр баясгалантай харагдах юм. Юу таныг ингэж аз жаргалтай болгодог юм бэ?

Би өөрийнхөө хувийн амьдралын төлөө өдөр болгон санаа зовоод байдаггүй. Энэ л намайг аз жаргалтай болгодог.

Таны өдөр тутмын амьдралыг яг юу төгс төгөлдөр болгодог вэ?

Төгс төгөлдөр өдөр гэж байхгүй. Энэ хорвоод төгс юм гэж хаа ч байхгүй шүү.

Тэгвэл таны өдөр тутамдаа хийдэг. Таныг аз жаргалтай болгож, инээлгэдэг тэр зүйл чинь юу юм бэ?

Би цэцэрлэгээ услах дуртай. Бас ямар нэгэн техникийн дэвшлийг ашигласан электрон биш, хуучны механик тоглоомоор тоглодог. Дээр нь би ном судар, тэр дундаа бурхны шашны ном судрыг уншиж судлах дуртай. Заримдаа би зүгээр л юу ч хийлгүйгээр зарим зүйлийн талаар нухацтай боддог.

Хэрвээ та Түвдийн ард түмнийг тусгаар тогтносон улс болохыг үзэж чадахгүйгээр нас нөгчвөл үүндээ маш их харамсах байх даа?

Хэрэв би өнөөдөр үхэж байсан бол Түвдэд санаа зовох байсан. Гэвч би өөрийнхөө оршихуйг бусдад зориулан ашиглахын тулд чадах бүхнээ хийсэн. Тиймээс би харамсахгүй байна.

Бүр юунд ч харамсахгүй юу?

Тийм дээ.

Та энэ амьдралдаа өөрийгөө ямар нэгэн хийсэн зүйлийнхээ төлөө өршөөх ёстой гэж боддог уу?

Санамсаргүйгээр миний бие дээр суусан шавьжийг хөнөөсөндөө харамсах үе заримдаа гардаг.

Аливаа том алдааг хийснийхээ төлөө өөрийгөө уучлах шаардлага гарч байгаагүй гэж үү?

Би өдөр бүр бага зэргийн алдаа гаргадаг. Гэвч энэ нь миний гол алдаа гэж үү. Би түвдийн ард түмэн, хүн төрөлхтөнд үйлчлэлээ үзүүлсэн. Би амьдралдаа хийж чадах бүхнээ хийсэн.

Би танаас хамгийн сүүлийн, хамгийн их асуухыг хүссэн асуултаа асуумаар байна. Та яг юуг мэддэг, бас чаддаг вэ?

Би бусдыг хайрлан нигүүлсэж, өрөвдөж энэрч чадна. Миний чаддаг зүйл ердөө л энэ.