“Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэх мэдээлэл өдөр тутмын “Өдрийн сонин”-ы 2018.07.02-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн. Энэ мэдээллийн дагуу манай эрэн сурвалжлах баг ажиллаж хэргийн талаарх мэдээлэл баримтуудыг цуглуулсан юм.

Хэрэг гардаг өдөр юу болов?

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нутаг дэвсгэрийн хэмжээнд байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зөрчил гаргадаг архины хамааралтай иргэдийг албадан эмчилгээнд явуулахаар эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах ажлыг өнгөрөгч зургадугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч тус хороонд оршин суудаг, архи, согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг иргэн Э, Н нарыг эмчилгээнд хамруулахаар ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Улмаар ажлын хэсгийнхэн зургадугаар сарын 11-ний өдөр эмчилгээнд хамруулах иргэдийг тээвэрлэн явж байх үед иргэн Э нь тээврийн хэрэгсэл дотор нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу НЦГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн албан хаагч эрүүлжүүлэгдэх гэж байсан этгээдийг олон хүний нүдэн дээр зодсоор байгаад хөнөөсөн гэх мэдээллийг Өдрийн сонины мэдээлэл нь үндэслэлгүй худал болохыг албаны эх сурвалж хэлж байна. Энэ мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хэрхэн гарав?

Зодуулж нас барсан гэх талийгаач Б.Э-д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс задлан шинжилгээ хийсэн байна. Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдоогүй. Мөн талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй бөгөөд тэрбээр спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин үзсэн байна.

Талийгаач хэн байв?

Талийгаач 1983 онд төрсөн, эрэгтэй, Улаанбаатар хот БЗД-ийн 27-р хороонд оршин суух хаягтай нэгэн. Тэрбээр өнгөрсөн онуудад цөөнгүй хэрэг зөрчил гаргаж, цагдаад дуудагдаж байжээ. Тухайлбал,

· 2017 оны 04-р сарын 04-нд согтуу эхнэрээ зодож, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн

· 2017 оны 03-р сарын 07-нд согтуугаар бусдад агсам тавьсан

· 2015 оны 11-р сард жирэмсэн эмэгтэйг хэл амаар доромжилж, зодсон

· 2015 оны 1- сарын 24-нд согтуугаар бусдад агсам тавьсан

· 2015 оны 02-р сарын 17-нд удаа дараа согтуугаар эрүүлжүүлэгдсэн.

· 2016 оны 02-р сарын 16-нд айлаас хулгай хийсэн

· 206 оны 08, 11-р саруудад удаа дараа танхайрсан

· Албадан эмчилгээнд хамрагдсан, баривчлагдсан гэх зэргээр тэрбээр 33 удаа захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байжээ.

Цагдаа хүн зодсоор байгаад хөнөөсөн гэх хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад цагдаа хүний аминд хүрээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, тайлбараар батлагддаг. Өөрөөр хэлбэл цагдаа хүний аминд хүрээгүй, харин тухайн иргэн архины хамааралтай учраас архины хордлогоор нас барсан байж болзошгүй байгаа. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Урин дулааны цагт иргэд амарч зугаалах, баяр наадам тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг. Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах, баталгаагүй газраас архи, согтууруулах ундаа худалдан авч, хэрэглэхгүй байхыг дээрх хэргээр жишээлэн сэрэмжлүүлж байна.