Булчинлаг эмэгтэй Г.Угалзцэцэгийн булбарайхан төрх

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг энэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. 33 настайдаа уг спортод анх хөл тавьсан гэгддэг булчинлаг эмэгтэй маань богино хугацаанд амжилтанд хүрч, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан нь энэ.


Хэцүү бэрх асуудал цөөнгүй тулгарсан ч ханийнхаа дэмжлэгээр өлхөн даваад гарсан гэдгээ ярих дуртай Г.Угалзцэцэг эршүүд дуу хоолой, булчинлаг бие галбираараа харин ч нэг гайхуулж яваа. Тэгвэл анх тэрбээр ийм л нэгэн даруухан, булбарай төрхтэй гэрийн эзэгтэй байсан гэвэл итгэмээргүй харагдаж байгаа биз. Угийн элдэв маяггүй тамирчин эмэгтэйн хувьд зүүн гарын булчиндаа хийлгэсэн энэ шивээс л ганц гоёл нь гэлцдэг.


Багш, дасгалжуулагч нөхрийнхөө зааж зөвлөснөөр хүнд төмөр өргөж, булбарайхан төрхөө марттал хичээллэсэн түүний хувьд хайртай охиноо ч энэ спортод уруу татсанаа нуудаггүй. Ямартаа л аав, ээжтэйгээ хамт олон улсын тэмцээнд оролцсон охин нь “Бикини модель” төрөлд медаль хүртэж, цаашид ээж шигээ мэргэжлийн тамирчин болохоор зүтгэж явахав. Юутай ч, спортын хосууд маань өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг эдгээр зураг харуулж байна.