“Яг түүн шиг” шоуны шилдэгийн шилдэг оролцогчидтой ана мана өрсөлдсөн Г.Сүндэрмааг сонсогч фэнүүд нь “Sweetymotion” хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэднэ. Хамтлагийнхантайгаа цуг Америкт долоон жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрбээр гуч гарсан насандаа гэр бүлийн амьдрал зохиогоод байгаа. Гэхдээ энэ сонголт нь чамгүй их хэл ам дагуулсан ч тэрбээр тоогоогүй.

Өмнө нь гэр бүлийн амьдрал зохиож, хоёр ч хүүхдийн аав болсон Л.Нямбаяр гэх залууг ханиараа сонгосон дуучин бүсгүй маань өдгөө мөн л хоёр охин төрүүлж өгөөд байгаа. МАН-ын ирээдүйтэй боловсон хүчин гэгддэг нөхрийнх нь хувьд, ихэвчлэн удирдах албан тушаалд томилогдож явсан сүйхээтэй эр. Бас ч гэж нэлээд хүүхэмсэг болохыг нь ч ойр дотныхон нь баталдаг. Тиймдээ ч, олон сонголт дундаас дуучин Г.Сүндэрмаатай хамтын амьдралаа шинээр эхэлсэн нь ойлгомжтой.

Тэрбээр дуучин бүсгүйтэй болзож эхэлмэгцээ “Sweetymotion” хамтлагийн гишүүн Э.Ганболорыг “Шинэ дэлхий” телевизийнхээ гүйцэтгэх захирлаар томилж, эхнэрийнхээ хувийн бизнест мөнгө хаяж явсан. Анхны охиноо төрүүлээд удалгүй иогийн хичээлээр цомог гаргаж, баахан зураг авалт хийлгэсэн дуучин Г.Сүндэрмаа одоо найз Э.Ганболор шигээ удирдах албан тушаалд очиж магадгүй сураг дуулдав. Хэрэв үнэн бол олны танил дуучин, жүжигчин, яруу найрагч хүүхнүүд шиг намын дэмжлэгээр улс төрд хөл тавих нь ээ.