ХОЙД СОЛОНГОСЫН АЖИЛЧИД МОНГОЛД ХАГАС ӨЛСГӨЛӨН БАЙДЛААР ХОНОГ ӨНГӨРӨӨЖ БАЙНА

Эрх баригч, эх орончдын хийр­хэлээс болж манай улсад хөрөнгө оруулдаг гадныхан сүүлээ хавчаад зугтаасан. Үүнээс болоод 2017 онд зогсох ёстой байсан эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, ард иргэд хий дэмий л бухимдаж, хий хоосон “Шударга ёс” ярьсан У.Хүрэлсүхийн засгийн газрыг хий л хараан зүхэж явна. Монголын залуусын 20-35 насныхан Өмнөд Солонгос цаашлаад гуравдагч оронд хар, цагаанаар ажиллахаар одсон. Гэхдээ ганцхан ард түмэн бид хямралын үед өлмөн зэлмэн амьдарч, үгээн барж, үстэй толгойгоо зулгааж байгаа хэрэг биш юм. Монголд ажиллах хүчнээр орж ирсэн Ардчилсан Солонгосын ажилчид ч мөн ялгаагүй, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг гацсан байна.


Эх сурвалжийн мэдээлснээр Монголд зам, барилгын ажил газар сайгүй зогсон, цалин хоцрох, тэр байтугай цалингаа өгч чадахгүй байх явдал газар авчээ. Үүнээс хамгийн их хохирч байгаа нь Хойд Солонгосын ажилчид. Тэд цалингийнхаа ихэнхийг улсдаа төлөх ёстой хүмүүс. Цалингаа авсан ч гар дээр үлдэх мөнгө тун бага. Монголд ажиллах хугацаа 5 жил ч гадаад валют олохыг хүсч байгаа БНАСАУ-ын Засгийн газраас хугацааг нь дураараа сунгадаг, зугатаад нутагтаа харих, эсвэл гадаадад гарахаас сэргийлэн, гадаад паспортыг нь хурааж аван, гадуур явуулахгүй хянаж, цагддаг. Монголд байсан Хойд Солонгосын ажилчдын 70 хувь нь нутагтаа буцсан ч үлдсэн хоёр мянга гаруй ажилчин яахаа мэдэхгүй зовж сууна. /Төгсгөл нь/

Монголын барилгын салбарынхан “Хямрал гарч, ажилгүй болсон тул солонгосчуудын ихэнх нь нутаг буцсан” тухай ярьсан. Хойд Солонгосын талаас барилгачдаа уул уурхайн салбарт шилжүүлэх талаар ярилцсан ч Монголын уул уурхайн салбар ч хямралтай байгаа тул хойд солонгосын ажилчдын хувьд найдлага тун бага гэсэн үг. Энэ хямрал цаашид ч үргэлжлэх тул Хойд Солонгосын ажилчид яах вэ? Цалингаа авъя гээд бослого тэмцэл, шүүх цагдаад хандвал өөрсдөө нутагтаа очоод цаазлуулна. “За яахав дүүрсэн хэрэг, монголын эдийн засаг сэргэхийг хүлээе” гэхээр сар болгон улсдаа валютын татвар төлөх учиртай. Бас дээр нь хагас өлсгөлөнд байгаа ах дүү, гэр бүлдээ хэдэн вон явуулах ёстой байдаг. Хятад ажилчид шиг гадуур сэмхэн гарч халтуур хийе гэхээр ажилчдын дунд байгаа Аюулаас хамгаалахынхан дээшээ матна. Хөдөлмөрийн намын дарга тэднийг Улаан­баатарын гудам­жаар халтуур хийж явааг сонсвол нутаг руу нь албадан гаргаж, хөдөлмөрийн хорих лагерьт шууд шилжүүлэх болно. Ийнхүү умардын ажилчдад ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байгаа ажээ.

Хойд Солонгосын ажилчид сард 500-700 мянган төгрөгийн цалинтай. Үүнийхээ 90 хувийг нь улсад тушаадаг болохоор маш хэцүү. Мөнгөгүй тул ажлын байрандаа хонох зэрэг тун хүнд нөхцөлд амьдарч байна. Монголчууд БНАСАУ-тай ажилчин хүлээн авах гэрээг 2008 онд байгуулсан. Тэр үед Хойд Солонгосын ажилчид татвараас чөлөөлөгдөж, байр хөлслөн, эх орондоо байгаагүй сайхан чөлөөтэй амьдарч байв. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол улс 2008 онд дэлхийн хямралд өртсөн ч 2010 оноос эдийн засаг нь сэргэн, “Азийн шинэ бар”, “Монголын чоно” хэмээн нэрлэгдэж байлаа. Өсөн нэмэгдэх цалин, эрх чөлөөт амьдралд нь татагдан, Монголыг зорих солонгос ажилчдын тоо нэмэгдэж, 2000-аад оны эхээр 300-500 хүн байсан бол 5000 болон нэмэгдсэн байна. Гэвч Засгийн газраас авсан гадаад валютийн хязгаарлалт, дэлхийн эдийн засгийн хямрал, гадаад худалдааны 80 хувийг эзлэдэг Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан Монголын эдийн засаг 2015 оноос хямарч, гадаад өрөө дарж чадахгүй болон, энэ жилээс ОУВС-гаас тусламж авах болтлоо доройтсон. Цалин нь багассан, зарим үед авч чадахгүй байгаа хойд солонгос ажилчид байр, унааны мөнгөө төлж чадахгүй болсон тул барилга дээрээ хонодог. Хаа нэг золбин нохой таарч, нухаж чадвал аз нь гийж, хоолтой боллоо гэсэн үг. Өөр орлого тэдэнд алга. Нэг үгээр хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг Умард Солонгосын ажилчид хагас өлсгөлөнд автан, зовж шаналан хоног өдрийг аргацааж байна.