Гавьяат Г.Ариунбаатарыг жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байгаа, салсан, нийлсэн гэсэн яриа хэдэн жил үргэлжилжээ. Хоёрын хоёр хүүг нь төрүүлж өгсөн шинэ эхнэрээ ил гаргалгүй нууцалж, хувийн сошиал хуудсандаа хүртэл хамрынх нь үзүүрийг ч цухуйлгадаггүй болохоор олны дунд сэжиг төрөх нь арга ч үгүй байх. Зарим нь бүр тэднийг зам мөрөө хөөж, Г.Ариунбаатар гавьяатыг гурав дахь эхнэрээ орхисон гэцгээх болсон.

Тэгвэл энэ асуултад цэг тавих цоо шинэ мэдээллийг Zindaa.mn сайт нийтэлжээ.

Хосууд бага хүүгийн хамт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өнөөдөр газардсан байна. Гавьяат Г.Ариунбаатар Марийнскийн театрт дуулж байгаа болохоор үндсэндээ Орост амьдарч, Санктпетербург хотноо төвхнөсөн. Хосууд Орос, Монголын хооронд ирэн очин байдаг.

Хэн хэнийх нь хувьд өмнө нь хоёр ч амьдралын нүүр үзэж, алдаж оносон тэдний хамтын амьдрал, хайр дурлалыг буруутгадаг хэсэг байхад хүлээн зөвшөөрч, сайхан хосоор нэрлэх нь ч бий. Аль өнцгөөс харах нь таны хэрэг. Ямартай ч хамтдаа олны өмнө ил гарах дургүй хосуудын дундаас өнгөрсөн хугацаанд хоёр хүү мэндэлжээ. Бага хүү аав, ээжийнхээ хамт дуранд өртсөн байв.

Эндээс харахад, эрчүүдийн харц, хайрыг булааж явсан, авьяаслаг жүжигчин бүсгүй хэдийнэ таван хүүхдийн халамжит ээж болжээ. Харин Г.Ариунбаатар гавьяатын хувьд өмнөх амьдралаасаа хоёр хүүхэдтэй гэхээр долоон хүүхэд өсгөн хүмүүжүүлэх өндөр үүрэг хүлээсэн, хариуцлагатай аав болжээ.

Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Б.Баярмаа 1987 онд төрсөн. Багануурт өсч, Багануурт дунд сургуулиа дүүргэсэн. Биеийн өндөр 170 см.

“Ийм нэгэн дурлал”, “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны гол дүр бүтээж байсныг уншигч та бүхэн юу эс андах билээ.