Дэлгэцийн урлагт хэн, хэн нь өөрсдийн авьяас чадварыг таниулж чадсан жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар гэр бүл болоод цөөнгүй хэдэн жилийг ардаа үдсэн. Хүүхдэрхүү төрхтэй хөөрхөн Т.Энэрэлийг оюутан ахуй цагт нь өөрийн болгосон гэдгээ ам бардам ярих дуртай О.Итгэл ч охид хүүхнүүдийн харцыг булаасан сайхан залуу.


Өдгөө хамтдаа хошин урлагийн “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа жүжигчин хосууд маань тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар сэтгэл догдлон яваа нь энэ. Анхны хүүхдээ төрүүлээд нэлээдгүй жин нэмж байсан жүжигчин Т.Энэрэл ч өмнөхөө бодвол харьцангуй туршлагатай хандаж, эрүүл мэнддээ анхаарч буй бололтой.


Том хүүгээ гурван нас хүрэх үед нь дүүтэй болгохоор төлөвлөсөн тэдний ажил, амьдрал ч яг л зорилгын дагуу бүтэмжтэй байгаа аж. Хошин урлагт зүтгэхийн хажуугаар дэлгэцийн урлагаа ч орхиогүй яваа жүжигчид энэ зун уран бүтээлийн завсарлага авч, шинэ хүнээ угтахаар бэлтгэл юугаан базааж эхэлсэн юм билээ.