Сүүлийн үеийн залуу репперүүд дундаас өөрийн өнгө төрхөөрөө ялгарч чаддаг нэгэн бол реппер Thunder. Хийж байгаа уран бүтээл бүрээрээ чухал мессежийг нийгэмд түгээж чаддаг түүний жинхэнэ нэрийг Өлзий-Учрал гэдэг. Мөнгө төгрөг, гоёл зүүсгэл, шоу цэнгээний тухай тэр бүр дуулаад байдаггүй түүнийг олон нийт зөв бодолтой залуу хэмээн дүгнэх нь бий.

Уран бүтээлдээ нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шингээдэг тэрбээр “Би гэр хороололд амьдардгаасаа ичдэггүй. Хүнийг өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаар нь , амьдардаг орчноор нь ялгаварлаж байна гэдэг чинь ухаан муутай хүн байхгүй юу. Тэнд амьдардгаасаа ичиж байна гэдэг бүр л ухаан муутай хүний шинж. Ээж минь өрх толгойлсон эмэгтэй. 20 жил миний төлөө ганцаар зүтгэсэн байтал би энд суугаад олон жилийн хөдөлмөрийг нь салхинд хийсгэж болохгүй. Миний өссөн орчин, туулсан амьдрал хип хоп хийдэг хүний хувьд харин ч хэрэгтэй зүйл” хэмээсэн байна.

Реппер залуу өчигдөрхөн реппер Desant-тай хамтарсан “Нэг л үхнэ” хэмээх нэртэй шинэ дуугаа цацсан нь богино хугацаанд амжилт олж нэгхэн өдрийн дотор 100.000 орчим хандалт авчээ. Энэхүү хамтралыг реппер залуу гурван жилийн турш хүлээсэн аж. Байнга олны хүлээлтээс давсан уран бүтээл хийдэг түүний шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.