Байгууллагынхаа амралтаар “Найрамдал” зуслангийн хүүхдийн театрт дотуур хувцсаа тайлж шидсэн дарга эмэгтэйн болчимгүй үйлдэл хэдэн сарын турш хэвлэлийн хуудсыг чимж байлаа. Дөч гарсан насандаа төрийн өндөр албан тушаалд төвөггүйхэн очсон түүний төрсөн дүү нь жүжигчин Б.Амарсайхан. Намын нэр нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно нөхөрлөдөг гэх тэрбээр сайд болохын даваан дээр “бандааш”-ны хэрэг нь сөхөгдөөд хойш ухарсан билээ.

“Ийгл” телевизийн удирдлагын зөвлөлд багтаж, “Ок” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан түүнийг сэтгүүл зүйн зургаан сарын курс төгссөн гэлцдэг юм билээ. Царай зүс дөнгүүр, хэнтэй ч хэл амаа амархан олчихдог гэх Б.Баярсайхан дарга “бандааш”-ны хэргээсээ хойш гэр бүлийн зургаараа цахим орчинд гангарах дуртай болсон нь нууц биш. Бараг л олон жил нууцалсан хань нөхөр, охид хөвгүүдээ “ил” гаргасан гэхэд болохоор.

Магадгүй төрийн суудлаа авч үлдэхийн олон нийтэд намбалаг ээж, найрсаг эзэгтэй болж харагдахыг хүссэн ч байж мэдэх. Тэгвэл том охин Б.Орхон нь өнгөрсөн онд нярайлж, “төмөр хатагтай” ээжийгээ намбалаг эмээ болгоод авсан нь саяхан дэлгэгдлээ. Н.Мөнхсайхан гэх үеийн залууг ханиараа сонгосон охин нь ээжээсээ дутахааргүй царай зүс, нуруу туруу сайтай бүсгүй аж. Ингээд эрхэм төрийн нарийн бичгийн дарга маань тавин нас ч хүрэлгүй эмээ болж, хүссэн хүсээгүй намба суух нь.