“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, хацар гоо охидынхоо нэрийн хуудас нь болж явсан мисс А.Баярцэцэг өнөөдөр тун ч баяртай мэдээ дуулгав. Мэддэг боловсрол, авьяас чадвараараа үе тэнгийн мисс, загвар өмсөгчдийн өмнө гишгэдэг тэрбээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-н анхны Монгол оюутан болж очих нь ээ. Энэ тухайгаа мисс бүсгүй маань “24 нас хүрчихээд “Мэргэжлээ солиод жүжигчин болно” гээд ажлаасаа гарч байхад цөөн хэдхэн хүнээс бусад нь “Амьдралаа сүйрүүлэх нь, хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл. Хайран сурсан мэргэжил, нас нь оройтсон, урлагаар хоолоо олж идэхэд хэцүү” гээд л ятгаж өгч байсансан… Мөрөөдлийнхөө төлөө явахад нээрээ л ямар ч баталгаа байхгүй, аймшигтай л даа. Тэгээд бүтэлгүйтэх, зовох үедээ “Хайртай, дуртай зүйлийнхээ төлөө өөрөө албатай юм шиг сайн дураараа зовж байгаа юм чинь зовж байна гэсэн үг биш, харин ч амьдралыг илүү амттай болгож байна” гэж боддог болсон.  Бид сэтгэлдээ төсөөлж л чадвал бүх мөрөөдөл боломжтой. Хүн бүхний цаг хугацаа адил байх албагүй, гагцхүү бид чадна гэдэгтээ итгэх зоригтой байх хэрэгтэй… Хоёр жилийн турш олон дахин шалгалт өгч байж мөрөөдлийнхөө сургуульд кино жүжигчин мэргэжлээр тэнцэв.  Англидаа драмын урлагаар нэгдүгээрт бичигддэг түүхэн сургууль болох Лондонгийн их сургуулийн харъяа эзэн хааны драмын төв сургууль “Royal Central School of Speech & Drama”-н анхны Монгол оюутан болж очно. Олон Монгол залуу жүжигчид, уран бүтээлчид маань энд ирээдүйд суралцах нь гарцаагүй” хэмээн баяртайгаар мэдэгдлээ.