Зуны улиралд зөгийний аж ахуйгаа арчилж тордон, амтат балаа савлах ажилд ханцуй шамлан ордог дуучин М.Нарантуяа буюу Нара дуу хуураас хөндийрөөд удаж байгаа. Эх орондоо амрахаар ирсэн охин дүүгээ угтаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт зуслангийн газартаа амарч буй тэрбээр амттай хоолоор ёстой л шагшруулж суугаа аж. Чанасан цай, хийсэн хоолныхоо зургаар цахим орчинд эрчүүдийн арааны шүлсийг асгаруулж өгч байгаагаа ч тун сайн мэднэ.

Нүүр будах урлагаас гадна хоол хийх авьяасаараа хэнийг ч дагуулахгүй гэдгээ өөрийн биеэр баталдаг М.Нара “Эрчүүд ч надтай биш, цуйвантай минь л суух байх даа” хэмээн хошигноод авчээ. Мөн зөгийний аж ахуй дээрээ хэрхэн ажилладаг болохоо харуулахын тулд будаггүй царай, ажлын хувцаснаасаа ч ичсэнгүй. Юун өнөөх гоо зүс, хөвсгөр үс… Гоё сайхныг нь магтагчид харин энэ удаа хэлээ хазаад өнгөрсөн байх.

Жинхэнэ “байгалиараа” байгаа хэмээн тодорхойлсон дуучин бүсгүй одоо цаг ямагт гоё ганган байх гэж хичээхээ ч больж. Өнгөрсөн намраас хойш хүүгийнхээ эцэгтэй заргалдаж, төрсөн эцэг нь мөн болохыг шүүхийн шинжилгээгээр баттай тогтоосон М.Нара санасандаа хүрчээ. Эрчүүдийн хариуцлагагүй бүхний алдааг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч үлдэх ёсгүй гэдгийг нийгэмд ойлгуулахын төлөө тэмцсэн гэх тэрбээр ахиж сохор дурлалд итгэхээргүй хашир нэгэн болсон гэнэ лээ.