Цөсний замын битүүрэлтэй төрсний улмаас элэг нь хатуурч өвчилсөн бяцхан охин Б.Амингэрэлд Монголчууд амьдрал бэлэглэхээр хандив өргөх аяныг өрнүүлсэн билээ. Охины хагалгаа амжилттай болсон. Тэгвэл аюултай үе ард өнгөрсөн талаар аав Э.Батмөнх мэдээлэл хийлээ. Тэрбээр “Уучлаарай хэнд ч мэдээлэл өгөхгүй ямар ч мэдээлэл тавиагүйд үнэхээр их уучлаарай. Миний Монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний охин хагалгааны дараа маш олон хүнд үеүдийг давж маш их бид хоёрыг сандаргалаа. Ийм учраас бид мэдээлэл хэнд ч өгөөгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд байн байн хүүхэд муудаж дахин дахин хагалгааны өрөө рүү гүйх тэр сэтгэл зовнисон тэр хүнд өдрүүдийг зүгээр л чимээгүй залбиран өнгөрүүлэхийг хүссэн юм.

Одоо л охин минь амсхийх тэнхээтэй болж эмнэлгээсээ гарлаа. Үнэхээр баяртай байна.

Одоо охин минь 2 хоногт 1 удаа шинжилгээ хийлгэж эмчдээ үзүүлж байгаа. Ямар ч байсан айх аюулаа давсан ч цаашид гарч болзошгүй эрсдэлүүд дуусаагүй ээ.  Миний амь амьдрал минь болсон бяцхан охиныг минь аварсан та бүхэндээ маш их баярлалаа” гэжээ.