Эдийн засагч, Колумбын их сургуулийн магистр, арт-коуч Ж.Цэцэгсүрэн:

Хүмүүс намайг “чи чадахгүй” гэж няцаах тоолонд юу чаддагаа өөртөө харуулсан. Би чадна гэж өөрийгөө дайчилбал боломжгүй зүйл үгүй. Хүмүүс өөрөө чадаагүй бол бусдын урам зоригийг мохоож болохгүй.

Би 1998 онд Сингапур улс руу ажлын шугамаар сургалтанд явахдаа Социализмын үед олж авсан боловсрол минь хуучирсан, гадаадад мэргэжил дээшлүүлэх ёстойг ойлгож билээ. Англи хэлний дундаас доош түвшний мэдлэгтэй, хол явахгүйгээ мэдсэн тул хэл сурч эхлэв.

Хүүхдүүд нялх, сургалтанд суух мөнгөгүй тул хүнээс гуйж авсан IELTS-ийн шалгалтанд бэлдэх номыг нь хуудас хуудсаар нь ажил дээрээ нууцаар хувилж аваад шөнийн цагаар бие даан сурсан юм.

Тэгээд 2002 онд Японы Иокахамагийн их сургуульд магистрт сурахаар материал өгтөл бусад шалгуурыг хангасан ч, 38 настай настай болохоор тэнцээгүй юм.

Энэ үед ойр дотны минь хүмүүс “Чи чадахгүй. Нас чинь оройтсон, арын хаалга ч үгүй. Хүүхдүүдээ бод” гэж байв. Энэ бүгд үнэн учраас би тэдэнтэй маргаагүй.

Тэр тусмаа хамгийн сайн сургуульд сурна гэж өөртөө амлан, хоёр удаа хэлний шалгалт өгч байж 39 насандаа IELTS-ийн хүссэн оноогоо авч Дэлхийн банкны тэтгэлгээр Колумбын их сургуульд сурахаар болов.

Америкт очоод дээд тоог үзэх тул явахаасаа өмнө 20 жил сөхөөгүй дээд тоогоо сэргээхээр нэгэн их сургуулийн багшийн явуулдаг тооны сургалтанд очив. Багш намайг хараад “Та хэнийг авах гэж ирэв?” гэж асуусан. “Би хэнийг ч авах гээгүй. Би дээд тоо сурахаар ирлээ” гэтэл: -Та юу?” гэж ихэд гайхаж билээ. Ийнхүү багш надад дээд тоог тайлбарлах гэж оролдсон ч үнэндээ би бүгдийг мартсан байв. Гэтэл хэд хоногийн дараа багш “Уучлаарай эгчээ та дахиж ирээд хэрэггүй. Би таны мөнгийг буцааж өгье. Тайлбарлаад та ойлгохгүй байна. Сурахаас үнэхээр оройтжээ” гэсэн.

Тэр үед Монгол багшаар заалгаад сурахгүй байгаа юм чинь гээд 90 мянган долларын тэтгэлгээсээ няцах шахсан. Гэсэн ч би сургуульдаа явсан. Очоод үзсэн хамгийн эхний хичээл дээд математик байв. Би багш дээрээ очоод “Би хэдийн 40 гарсан юмаа, хичээлээ ойлгохгүй байх, та надад туслаач” гэхэд багш “Та яагаад тэгж бодов” гэж асуув. “Монголд их сургуулийн багш намайг сурахаас оройтсон гэсэн. Би нээрээ л чадахгүй юм байна” гэхэд багш ихэд гайхан “Сурч чадахгүй гэж шавьдаа хэлдэг багш хүн байдаг аа? Тэр хүн сурган хүмүүжүүлэгч биш байна. Сурахад таны нас огт хамаагүй. Битгий санаа зов, би танд тусална” гээд анхан шатнаас тайлбарласан ном зааж өгөв. Ийм байдлаар багш намайг үргэлж дэмжлээ.

Хичээлийн сүүлийн өдөр би ангийнхаа 20 гаруй орны 60 залуу оюутан дундаас дээд тооны хичээл дээр шилдэг есөн оюутныг шалгаруулах мөчид өөрийнхөө нэрийг сонсоод ерөөсөө итгээгүй.

Ингэж 42 насандаа их сургуулиа төгсөж, 47 насандаа жолооны үнэмлэх авч, 50 нас гараад синхрон орчуулагч болох мөрөөдлөө биелүүлж, мөн арт-коучингийн багш болсон.

Америкийн хүнд урам зориг, итгэл, үнэмшил өгдөг сургалтын систем надад маш их таалагдсан. Хүний гаднах үзэмж, нас зэргээр үнэлэх нь дэндүү өнгөцхөн. Хүн өөрөө хүсвэл сурахад хэзээ ч оройтохгүй. Мөрөөдөлтэй хүн хөгширдөггүй.

Эх сурвалж: Leadstyle