Хадаан брэндийн үүсгэн байгуулагч, амжилттай энтрепренер Э.Оюунцэцэг COSE Talk буланд уригдаж Америкийн гоо сайхны зах зээлд Хадаан брэндийг хэрхэн амжилттай гаргасан, бүсгүйчүүдийн мэдэхийг хамгийн их хүсдэг асуулт, яагаад улаан уруулын будаг хамгийн шилдэг сонголт болох талаар ярилцлаа.


COSE: Энэ өдрийн мэнд, юуны өмнө танд эх орныхоо нэрийг гарган Америкийн гоо сайхны зах зээлд Хадаан брэндийг амжилттай гаргасан 1 жилийн ойн мэнд хүргэе! Шинэ жилийн уур амьсгал цаг тутам цалгисан эдгээр өдрүүдэд та хэр завгүй байна вэ? Ямар ажил дээр ажиллаж байна вэ?

Оюу: Сайн байна уу, Хадаан брэндийг хэрэглэдэг, хамтран ажилладаг бүх сайхан охид бүсгүйчүүддээ, хүмүүстээ баярлалаа, Хадааныг хэрэглэж үзсэн хүмүүс их ам сайтай байдагт их талархаж байгаа. Бид бүтээгдэхүүнээ дараагийн түвшинд гаргах, илүү шинэлэг, илүү сайн болгохоор ажиллаж байна. Шинэ онд хөмсөгний гелэн будаг шинээр худалдаанд гарна. Мөн шилдэг борлуулалттай цөөн хэдэн бүтээгдэхүүн дээрээ илүү төвлөрч ажиллах бодолтой байгаа.

COSE: Та Хадаан брэндийг Америкийн зэх зээлд амжилттай гаргахад хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

Оюу: Америкт бизнесээ эхлүүлэхэд 1 жилийн хугацаатай, хүүгүй, барьцаагүй зээл олгодог нь их давуу талтай. Мөн лаборатори их байдаг. Тэнд тусгай мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад, бүтээгдэхүүнээ сорьц шинжилгээнд оруулах, өөрийн хүссэнээр эко найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Энэ нь гарааны бизнес эрхлэгчдэд их дэмтэй.

Би монгол бүтээгдэхүүн гэхээр чанар, үзэмж муутай гэсэн ойлголтыг халахыг хүсдэг.

COSE: Сүүлийн үед Монголын жижиг дунд бизнес гоо сайхны зах зээлд их хүчтэй өрсөлдөж хонины сүүлтэй саван, чацарганатай уруул, гарын тос зэрэг эко бүтээгдэхүүн өөрсдөө хийдэг болсон. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Оюу: Би монгол бүтээгдэхүүн гэхээр чанар, үзэмж муутай гэсэн ойлголтыг халахыг хүсдэг. Сүүлийн үед маш сайн, гоё үзэмжтэй олон бүтээгдэхүүн гарч байгааг хараад баярлаж байгаа. Эх орондоо ургадаг чацаргана, малын түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг маш сайхан санагддаг. Түүхий эдээ дотоодоосоо авна, дотооддоо хөрөнгө оруулалт хийнэ. Манай гоо сайхны бүтээгдэхүүн ч түүхий эдээ Монголоосоо авч, хөрөнгө оруулалт оруулахыг их хүсдэг. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ нь хараахан боломжгүй байгаа. Бид чаддаг чаддагаараа мундаг байж, хамтарч ажиллах хэрэгтэй.

COSE: Органик, байгалийн гаралтай, эко гэсэн бүтээгдэхүүн бүр эрүүл бүтээгдэхүүн байж чаддаг уу? Хэрэглэгчид маань орц найрлагын хувьд, хаяг тэмдэглэгээний хувьд юуг анхаарч бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй вэ?

Оюу: Хүн бүрийн арьсны төрөл, онцлог өөр, харшилдаг таардаг бүтээгдэхүүн өөр. Тэгэхээр эко бүтээгдэхүүн бүр сайн тохирно гэсэн үг биш юм. Жишээ нь: Витамин С танд харшилдаг бол тэр бүтээгдэхүүн хэдий үнэтэй, байгалийн гаралтай байсан ч танд тохирохгүй шүү дээ. Бүсгүйчүүд маань хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнээс ямар найрлагатай бол харшлаад, ямар бол таараад байгааг орцыг нь сайн анзаарч хараад, өөрийнхөө арьсыг таньж мэдэж аваасай гэж хүсэж байна.

COSE: Таны ямар хандлага, зан төлөв амжилттай бизнес эмэгтэй байхад нөлөөлсөн бэ?

Оюу: Гаднаас маань хүн дүгнэвэл илүү оновчтой хэлэх байх. Миний хувьд тууштай бас тайван, өөдрөг хүн л дээ. Ямар ч асуудлыг “Болох юм болох цагтаа болдог” гэж итгэдэг. Тэгэхээр жижиг том саад бэрхшээлийг стрессдэхгүй даваад, дараа дахин оролдож үздэг дээ.

COSE: Зах зээлд шинэ бүтээгдэхүүний орон зай хэр байгаа гэж та хардаг вэ, энтрепренер бүсгүйчүүд, залууст та ямар зөвлөгөө өгөх вэ, юуг

анхаарах хэрэгтэй вэ? Олон улсын зах зээлд гарах, гадаадад үйлдвэрээ нээхэд хүмүүсийн төсөөлдөгөөс ямар байдаг вэ?

Оюу: Технологийн салбар хурдан хөгжиж байгааг хүн бүр мэддэг, гэхдээ гоо сайхны салбар тэрнээс ч хурдан, бүр асар хурдан хөгжиж байна. Ямар ч эмэгтэй хүн, нүүрээ багахан буддаг эмэгтэй хүнд ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ салбарт хэрэглэгчид үргэлж шинэ, сайн бүтээгдэхүүн эрэлхийлж, нийлүүлэгчид ч асар хурдтай мэдрэмжтэй хөгжиж байна.

COSE: Та ажлынхаа юунд дурладаг вэ?

Оюу: Санамсаргүйгээр эмэгтэйчүүдийн косметик цүнхнээс Хадааны уруулын будгийг, ариун цэврийн өрөөнөөс нь Хадааны нүүр цэвэрлэгчийг олж харахаар үнэхээр сайхан өег мэдрэмж байдаг. Хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэж бодохоор их урамтай байдаг.

COSE: Бүсгүйчүүд танаас юуг хамгийн их асуудаг вэ?

Оюу: Би холимог арьстай, сүүлийн үед юм гараад байгаа юу хэрэглэх вэ гэж асуудаг. Бас селфи зургаа явуулаад хэдэн номерын крем таарах вэ гэж асуудаг. Надад хандсан хүн бүрт туслахыг хүсдэг болохоор одоо ямар крем түрхэж байгааг нь асуугаад дэлгүүр орж өнгийг нь хараад төстэй крем санал болгох үе байдаг. Саяхан нэг хүн эхнэрээ баярлуулах гэсэн юм танай бүтээгдэхүүнээс авмаар байна гэж хандсан. Эхнэрийнх нь арьсны төрөл, ямар бүтээгдэхүүн хэрэглэдэгийг фэйсбүүкээс нь олж судалж тохирох бүтээгдэхүүнийг нь санал болгосон. Ер нь надад хандсан хүмүүст туслахдаа их таатай байдаг.

COSE: Та шинэ санаа олох, өөртөө гоё шинэ мэдрэмж, амралт хаанаас олж авдаг вэ?

Оюу: Хүн өөрөө бизнес хийхээр тархи амардаггүй юм байна. Байнга л бодно. Надад ууланд авирах, аялах, далайн эрэг дээр очих их гоё амралт болдог. Бас хөгжим сонсож амардаг.

COSE: Та ямар төрлийн арьстай вэ, ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Таны арьс арчилгааны дараалал, онцлог юу вэ?
Оюу: Миний арьс харшламтгай эмзэг болохоор нэг их будаад байдаггүй байсан. Гэхдээ яг make up ямар олон дараалалтай байдаг шиг арчилгаа цэвэрлэгээ ч бас 3-4 шаттай байх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүд арьсаа бүрэн арчлах тал дээр илүү анхаараасай гэж хүсдэг. Жишээ нь тонер нэг төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн. Тэгэхээр алгандаа хийж байгаад нүүрэндээ түрхэхийн оронд хөвөнд шингээгээд арчвал үлдэгдэл бохирдлыг арилгах, хатуулгыг тэнцвэржүүлнэ.

COSE: Таны гоо сайхандаа хэрэглэдэг нууц жор бий юу?

Оюу: Би үс, нүүрэндээ алоэ маск тавьдаг. Бас урт өтгөн сормуусанд дуртай болохоор сүүлийн үед сормуус ургуулдаг гэр аргаар бэлтгэсэн тос хэрэглэж байгаа. 2 дахь сараас үр дүнгээ өгдөг гэсэн болохоор тууштай хэрэглэж байна. Үнэхээр бодит үр дүн гарвал бүсгүйчүүдтэйгээ хуваалцах болноо.

COSE: Нетворкинг хийх тал дээр та юу гэж боддог вэ? Та хэрхэн нетворкинг хийдэг вэ? Гоо сайхны бизнест энэ нь хэр ач холбогдолтой байдаг вэ?
Оюу: Яг зориод гадуур гарах бага л даа. Хэрэглэгчид маань, найзууд маань өөрөө хэрэглэж үзээд цааш нь хүмүүст санал болгоод хамтарч ажиллах талаар санал тавьдаг.

COSE: “The Mongolian Family” –гийн Маралаа артисттай хамтдаа бичлэг хийснийг үзээд их дотно сайхан санагдсан. Ажил, амьдралын сайхан найзууд уу? Хэрхэн танилцаж нөхөрлөсөн бэ?

Оюу: Хадаан брэндээ гаргаад ямар артисттай хамтарч ажиллахаа бодож байгаад Маралаадаа бүтээгдэхүүний дээжээ явуулаад хэрэглэж үзэхийг хүссэн. Тэгээд Маралаа маань маш гоё бүтээгдэхүүн байна, уулзаж ярилцъя гэсэн. 2 талаасаа гэр бүлээрээ уулзахад нөхрүүд маань танилцаад, хүүхдүүд маань тоглоод, бид 2 өөрсдөө яриа нийлээд их сайхан танилцацгаасан. Тэр цагаас хойш ажлын ч, амьдралын ч сайхан найзууд болцгоосон доо.

COSE: Таны косметик цүнхэнд юу юу байдаг вэ?

Оюу: Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгийн буянаар цүнхэнд, машинд, бас нөхрийн маань машинд гоо сайхны цүнх байдаг. Дотор нь улаан уруулын будаг, хөмсөгний харандаа, сормуусны будаг байдаг. Ээж маань Улаан гэдэг нэртэй, улаан өнгөөр уруулаа буддаг сайхан эмэгтэй байсан. Би одоо өөрөө бас уруулаа улаанаар будах дуртай болоод ээжийгээ их ойлгож байгаа. Гэнэт уулзалттай болвол уруулаа улаанаар будаад л уулзалтад бэлэн болчихдог доо. Бас эмэгтэй хүн нүд, сормуусаа будвал их гоё царай тодроод ирдэг.

COSE: Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Оюу: Гэр бүлээ НЭГдүгээрт тавьж, ихэнх цаг ээж, гэрийн эзэгтэйн ажилд зарцуулагддаг. Хүүхдүүдийнхээ тоглож, хооллох, өсч томрох, жаргалтай үеүдэд хамт байж цаг зарцуулаад дараа нь ажилдаа цаг гаргадаг. Өглөө том хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, фитнестээ явна, фитнес хажуудаа хүүхэд харах үйлчилгээтэй юм. Гэртээ хариад бага хүүгээ хооллоод унтуулна, унтаж байх үед нь миний эд ажлын үе. Бас хань маань намайг их хурцалж дэмждэг. Бүр их ажилтай бол хүүхдүүдээ унтсаны дараа шөнө ажилладаг.

COSE: Та гоо сайхан эмэгтэйг хэрхэн ойлгодог вэ?

Оюу: Гоё сайхан эмэгтэй гэдэг дотроосоо гэрэлтсэн, нойр хоолоо зөв зохицуулдаг, сайхан инээмсэглэсэн эмэгтэйг хэлнэ гэж бодож байна.
COSE: Эмэгтэй хүнд зайлшгүй хэрэгтэй гоо сайхны 3 бүтээгдэхүүн юу вэ? Мөн гоо сайхан байх үндэс юу вэ?

Оюу: Уруулын будаг, сормуусны будаг, хөмсөгний будаг. Гоо сайхан байхад эрүүл зөв хооллолт, ус сайн уух, хоол, нойроо зохицуулах хэрэгтэй.

COSE: COSE Talk уншигч бүсгүйчүүддээ таны дуулгах мэдээ юу вэ?

Оюу: Сүүлийн үед эмэгтэй хүн өөрийгөө хайрлах, анхаарал хандуулахдаа жаахан тааруу байдгийг анзаараад байгаа. Эмэгтэй хүн сайн ээж байх, гэр бүлдээ хайр халамж тавихдаа өөрийгөө бас орхилгүй хайрлаж л байх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлдэг, хайрладаг, торддог эмэгтэйг эргэн тойрныхон нь бас хайрлаж, анхаарна. Тэгэхээр өөрсдийгөө хайрлаарай бүсгүйчүүдээ. Баярлалаа.

COSE: Цаг зав гарган ярилцсан хатагтай Оюунцэцэгтээ маш их баярлалаа!