Манай улсын хүн амын 10-12 хувь нь элэгний В, С вирусийн халдвартай. В вирустэй хүмүүсийн 60-80 хувь нь дельтагийн халдлагад өртсөн гэсэн судалгааны дүн бий. Өөрөөр хэлбэл, монголчуудын 6-8 хувь нь эл вирусийн халдвар тээгч гэсэн үг. Тиймээс Эрүүл мэндийн яамныхан D вирустэй хүмүүсийг эмчлэх ажлыг эрчимжүүлжээ.

Элэгний С вирусийн эсрэг шинэ эмийн ачаар манайд уг эмчилгээний үр дүн 98 хувьтай байгаа. Харин хепатит В, D-г төгс эмчлэх бэлдмэл байхгүй ч эрдэмтэд хоёр төрлийн эмийг дэлхийн 21 оронд туршиж буйн нэг нь Монгол юм. Үүнээс гадна “Элэгний D вирусийн ачаалал тоолох шинжилгээг даатгалаас санхүүжүүлэх боломжтой” гэсэн тооцооллыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан гаргасныг салбарын сайд Д.Сарангэрэл олон нийтэд зарлав.

Энэ талаар ЭМДЕГ-ынхнаас тодруулахад “Элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээ 5000, тоолох нь 180-200 мянган төгрөг байдаг. Харин хепатит D-г хэчнээн төгрөгөөр, хаана тоолох нь тодорхойгүй байгаа. Даатгалаас хэдэн төгрөг гаргахыг хараахан тооцоогүй. Бид энэ асуудлыг үндэсний зөвлөлөөрөө хэлэлцүүлсний дараа олон нийтэд танилцуулна” гэсэн юм.

unuudur.mn