Очир нь бат бөхийн бэлгэдэл юм. Бурханы шашинд очирыг түлэгддэггүй, тасардаггүй, хэмхэрдэггүй, хагарч бутарч үл болох чанар лугаа барилдуулан хоосон чанарын бэлгэдэл утган дор таалж бүтээжээ. Үзүүр нь хурц бөгөөд гадагш эргэснийг хилэнт очир, үзүүр нь хурц биш бөөрөнхийг нь амирлангуй очир гэнэ. Хуврагууд тарни ном айлдахдаа баруун мутартаа барьдаг ба энэ нь гай түйтгэрийг үлдэн хөөж буй утгатай. Очирын дээд биеийн 5 үзүүр нь Язгуурын таван бурханы бэлгэдэл болно. Харин тэдгээр үзүүрийн доод хэсэгт “хамаг амьтныг хоцроолгүй асран нигүүлсэх” хүчний бэлгэдэл болгож матрын толгой дүрсэлдэг. Дараа нь “саран хот мандал” хэмээх хүрээлсэн тойрог бий. Төгс гэгээрсэн бурхадын “суудал” ажээ. Түүний доорх бадам цэцгийн 8 дэлбээ нь бурхан багшийн 8 бодьсадва шавийг төлөөлнө. Дэлбээний доод талын цагирагнууд бурхан багшийн үйлс машид дэлгэрэхийн бэлгэдэл.

Очирын тэг дундах бөөрөнхий нь Очирдарь бурханыг илэрхийлэх ба арга билгийн “арга”, эцэг эхийн “эцэг”-ийг төлөөлж оршино. Энэхүү арга билгийг бүтэн болгохын тулд очиртой хамт хонхыг байлгах ба хонхонд дүрслэгдэх нүүрний дүрслэлийг “эх” хэмээн үздэг. Очирын доод биеийн бадам 8 дэлбээ нь бурхан багшийн 8 охин тэнгэр, 5 үзүүр нь 5 дагинасыг илэрхийлж бүтээгдсэн аж. Дээрх бэлгэдлээс үзэхэд Очир нь юунд ч үл дийлдэх хүч, бат бөхийг илэрхийлж байдаг учраас эр хүний оюун санаа, амьдрал, үйл хэргийг хамгаалах утгаар эдлэл хэрэглэлийн нэг бөгжинд дүрслэгдэх болжээ.