Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ  Гамбагын Угалзцэцэгийг хүмүүс Үнсгэлжин гэж дуудах болжээ. Үүнд тэрбээр ихэд эгдүүцдэг байна. Тэрбээр эгдүүцдэг шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ. Тодруулбал, “Жаахан байхаас маань л хүмүүс намайг хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн, бас царай муутай, бүдүүн бүрэг гэдэг байлаа. Одоо намайг яг л ҮНСГЭЛЖИН шиг болжээ гэдэг. Би хэзээ ч үнсгэлжин шиг хэн нэгэн ирж аврахыг бас хувь заяатайгаа эвлэрээд л байж байдаг, хэзээ нэг өдөр ид шид болноо гэж боддог үлгэрт тийм ч дуртай биш. Би одоо ч материаллаг зүйлийг илүүд үздэггүй. Машин унадаггүй, брэнд хөөдөггүй,олон өрөө байранд амьдардаггүй. Гэхдээ зорилготой, тууштай, үнэнч, дайчин байхыг эрхэмлэдэг. Тиймдээ ч би өөрөө үлгэр шиг түүхийг бүтээхийг хүсдэг ” гэжээ.