Монголд угсарсан анхны компьютерийг 1989 онд үйлдвэрлэсэн Монел брэнд гэж үзэх хүн олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ 1984 онд угсарч ажиллуулсан “Оч” микрокомпьютер бол яах аргагүй анхных юм. “Оч”-ийн эд анги, эрэг боолт бүрийг нь ширхэгчлэн цуглууж, оюуны эд эс бүхнээ зориулан бүтээсэн багийнхан хожмоо бүгд энэ салбартаа үнэлэгдсэн эрхмүүд болсон бөгөөд тэдний нэг Г. Оюунбаяр (компьютерийн инженер, бакалавр)-ын дурсамжаас хуваалцаж байна. “Очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань оч төдий байгаа ч дүрэлзэн асах цаг нь ирнэ” хэмээн монголын анхны компьютерийг “Оч” хэмээн нэрлэж байснаа ийнхүү дурслаа.

“ОЧ” МИКРОКОМПЬЮТЕР

1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Altair, IBM PC, Apple, Sinclair, Commodore зэрэг хувь хүнд зориулсан микрокомпьютерүүдийн тухай мэдээллийг олж үзээд маш их цочирддог байв. Энэ бол Монголд транзисторт суурилсан “Минск-32”, тэрбайтугай релей-механик табулятор машинуудтай байсан үе. Аз болоход 1983 онд Польшоос авсан МЕРА-100 мини компьютер, дисплей зэрэгт нөгөө Altair зэрэг микро-компьютерийн суурь болсон Intel 8080/85, Z80, 6502 байдаг байсан нь тэдний ажиллагааг мэдэхэд их нэмэр болов. Төхөөрөмжүүдийг дагалдаад микропроцессор, санах ой зэрэг цөөн чип сэлбэг маягаар ирсэн нь авч туршилт хийх хорхой хүргэдэг байлаа. Ингээд тухайн үеийн Тооцоолон бодох төвийн инженерүүд Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя, Д.Дашцэрэн, Гантөмөр нар хэн нэгний даалгавар, заавраар бус өөрсдийн сонирхлоор компьютер бүтээхээр ажиллаж эхэлсэн юм.

Хилийн дээс алхах, гадаад улсаас ирсэн инженерүүдтэй хамтран ажиллах завшаан тохиох бүрт компьютер бүтээхэд хэрэг болох материал, хэрэгсэл цуглуулдаг байлаа. Ингэсээр овоо их сэлбэг цуглуулж чадсан юм. Ингээд ил, далд цуглуулсан сэлбэг хэрэгслээрээ “Оч”-оо угсарч, тухайн үеийнхээ ШБОС-84 үзэсгэлэнд оролцож, Хүрэл медаль хүртсэн юм.

Энэ бол 1984 он буюу Цахиурын хөндийд Стив Жобс хэрэглээний компьютерын шинэ загвар болох “Macintosh”-оо танилцуулж байсан үе юм.

1984 оны намар “Оч”-ийг Болгарын Правец хотод зохиогдсон ОУ-ын үзэсгэлэнд явуулсан ба тэндээс тусгай шагнал хүртэв. Гэвч ирэх замдаа гэмтсэнээс болж “Оч” тухайн үеийн хэлбэрээрээ дахин ажилласангүй.

“ОЧ-2” МИКРОКОМПЬЮТЕР

“Оч”-ийн үлдэгдлийг бүрэн задалж Г.Оюунбаяр, О.Батсүх нар хуваан авав. Г.Оюунбаяр тэдгээр элемент, мөн 3 жил орчим цуглуулсан эд ангиудаа нэмж ашиглан “Оч-2” микрокомпьютерийг 1988 онд угсарч дуусгав. “Оч-2” хэдий найдвартай сайн ажилладаг байсан ч, магнитофоны лент дээр гадаад санах ойг хийснээс уян дисктэй персональ компьютертэй өрсөлдөх аргагүй байснаар амбаарт хураагдсан юм.