10-хан насандаа архичин аавынхаа ГАРТ үрэгдсэн Холливудын бяцхан одын эмгэнэлт түүх …

Ер бусын өхөөрдөм хүүхэд хоолой, энхрий бяцхан охины гадаад төрхөөрөө үзэгчиийн хайрыг татсан Жудит Барси 1978 онд унгар цагаач Марий Жозеф нарын гэр бүлд мэндэлсэн. Лос-Анжелос хотын нэгэн кафед зөөгчөөр ажилладаг эхтэй нь аав нь санамсаргүй тохиолдлоор танилцжээ. Хоюул унгар үндэстний дээр адилхан цагаачилж ирсэн тул тун амархан дотноссон аж. Эх нь сайхан сэтгэлтэй, өр нимгэний дээр аймхай нэгэн байжээ.

Харин аав нь гэмгүй төрхийн цана нуугдсан аймшигт араатан байсан агаад 10 жилийн дараа охиныхоо амжилтанд атаархан хорсохдоо амийг нь хөнөөсөн.

 

Төрөлхийн авьяаслаг охин гурван насандаа унгар, англи хэлээр чөлөөтэй ярьж суржээ. Тэднийхэн гэртээ унгараараа ярьдаг байсан гэнэ. Охиныхоо жүжиглэх чадвар авьяасыг эртнээс ажиглаж мэдсэн ээж нь урлагийн уралдаан тэмцээнд байнга оруулдаг болжээ. Иймэрхүү авьяастнуудын шоуны үеэр Жудитыг нэгэн студийн төлөөлөгч олж харан сурталчилгаанд тоглох санал тавьсан. “Lay’s” чипсний реклам нь бяцхан охины анхны ажил байсан агаад ийнхүү богинохон настай, толгой эргэм амжилтых нь эхлэл тавигджээ.

Хэд хэдэн сурталчилгаанд тоглосны дараа кино продюссерүүдийн анхааралд өртжээ. “Fatal Vision” кинонд бяцхан охины дүрийг бүтээснээр кино урлагт алхан орсон.

Тухайн үеийн Холливудын оддын тоглосон энэ кино дорхноо нэрд гарч тэр хэрээр Жудит алдаршжээ. Үүний хамт түүний төрөлхийн авьяас, гадаад төрх нь бүр шуугиан тарьсан аж. Охины хоолой нь жинхэнэ хүүхдийн нялх дуу хоолой байжээ. 10 настайдаа охин яг л гурван настай хүүхдийн өхөөрдөм дуу хоолойгоор нь ярьдаг байв. Мөн үеийхнээсээ жижигхэн биетэйн дээр өсөлт нь бараг зогссон гэмээр харагддаг. Ихэнхи хүмүүс Жудитыг 10-тай биш таван настай гэж эндүүрдэг байв.

 

Ээж нь өсөлтийг дэмжих дааврын эм уулгахаар шийдэх үед продюссерүүд ятган болиулсан. Учир нь тэд охины давтагдашгүй хүүхэд хоолой, бяцхан төрх нь түүний хамгийн давуу тал, ер бусын онцлог, урлагийн зах зээлд үнэлэгдэх гол давамгай байдал нь мөн хэмээн ээжид нь итгүүлжээ. Дааврын эм уувал охин өсөж өвөрмөц хоолой нь эвдэгдэнэ хэмээн айлгасан гэдэг. Ийнхүү ээж эцэг хоёр нь ярилцаад ахин эмчид хандсангүй. Охины авьяастайг кино найруулагчид хүлээн зөвшөөрөх болсон. Дүрээ сайн мэдэрдэг, юмыг тусган ойлгож сэтгэн бодохдоо сайны дээр заасан зүйлийг маш хурдан сурдаг, найруулагчийнхаа санааг гайхалтай ойлгож мэдэрдэг. “Fatal Vision” –ны дараа энхрий бяцхан охины дүрд тоглох киноны хэд хэдэн санал иржээ. Зар сурталчилгаанд тоглох саналд бүр дарагдсан гэдэг. Үүнээс гадна хамгийн өндөр төлбөртэй ажил болох хүүхэлдэйн кинонд дуу оруулах гэрээг ээж нь байгуулж эхэлжээ. Охиныхоо ачаар эцэг эх хоёр нь санхүүгийн хүндрэлээс бүрэн гарчээ. Ээж нь менежер нь болж аав ажил хийх шаардлагүй болов. Жудитын шагналын мөнгөөр шинэ байшин худалдан авч хийх ажилгүй мөнгө ихтэй болсон аав нь эдлэндээ өнждөг болсон.

 

Энэ үеэс л аавых нь зэрлэг араатны төрх зан бага багаар илрэн гарч эхэлжээ. Хийх ажилгүй тэрээр ахин ууж эхэлсэн байна. Согтуудаа охиноосоо санхүүгийн хувьд бүрэн хараат байгаадаа уурсаж бухимддаг байсан нь сүүлд нь тодорхой болжээ. Амжилтанд хүрч нэрд гарсан охиндоо атаархан хорсохын хэрээр өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон хэмээн зүхэх болов. Энэ бодол нь даамжирсаар эцэсдээ эхнэр охиндоо хаягдах нь гэсэн айдаст автагдсан аж. Эхнэр охин хоёроо киноны зураг авалтанд явах бүрийд эргэж ирэхгүй байх хэмээн хардан сэжиглэн бухимдахдаа уудаг байжээ. Хожим нь мөрдөн байцаалтаар эцэг нь архаг архичин, гэр бүлийн хүчирхийлэгч байсан нь нотлогдсон. Америкт цагаачилж ирэхээсээ өмнө Францад хэсэгтээ амьдарч нутаг нэгт Мария гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн байжээ. Охин хүү хоёртой болж тэднийгээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг байсан гэнэ. Гэсэн ч Унгараас ирсэн цагаачид хамгийн бага цалинтай ажил л олдож ядуу тарчиг байдлаасаа гарч чадсангүй. Ингээд л ууж эхлэн улмаар улмаар эхнэрийгээ зоддог болжээ. Харин эхнэр нь зоригтой эмэгтэй байсан тул нөхрийнхөө байнгийн хүчирхийллийг тэсэлгүй хүүхдүүдээ аван салжээ. Харин Жудитын ээж нь тийм биш байв. Тэрээр өр нимгэн, зориг муутай тул нөхрөөсөө үхтлээ айдаг байсан нь эмгэнэлт төгсгөлийн нэг шалтгаан болсон. Ээжийгээ дагаад охин ч ааваасаа айдаг болжээ. Нэгэн удаа ээж нь гэртээ найз нөхөд, хамтран ажиллагсад урьж дайлжээ. Энэ үеэр гол хүн нь мэдээж Жудит байсан агаад харин аавыг нь хэн ч тоож анхаарсангүй. Уурлаж бухимдсан аав нь охиноо өөр өрөөнд оруулж загнан түлхжээ. Охин унахдаа шал мөргөсөн ч ааваасаа айдаг тул ээждээ ч хэлэлгүй таг нуугаад өнгөрсөн аж. Ийнхүү аавых нь хүчирхийлэл улам бүр ширүүсэж эхэлжээ. Орилж хашгирч сүүлдээ өмнөх эхнэрээ зодож байсан шиг ээжийг нь зоддог болов. Ээж нь цагдаад хандсан ч дараа нь өргөдлөө буцаан авчээ. Энэ үед охин “The Land Before Time” кинонд бяцхан үлэг гүрвэл Дакигийн дууг оруулжээ.

Дараа жил нь буюу 1988 онд махчин аварга загасны тухай “Jaws” кинонд тоглохоор Багамын арал руу явахаар болжээ.

Охин эхнэр хоёроо буцаж ирэхгүй гэсэн далд айдаст автагдсан эр явахын өмнө нь ууж согтуураад ахин эхнэрээ зоджээ. Шөнө нь охиноо унтаж байхад нь сэрээн хутга тулгаж хэрвээ буцаж ирэхгүй бол ээжтэй нь хамт ална хэмээн сүрдүүлсэн аж. Айсан ээж охин хоёр зураг авалтаа дуусгаад л яаран буцаж иржээ. Гэхдээ охин огт өөр нэгэн болсон байлаа. Хуйсагнуур ааштай, түргэн ууртай болж найруулагч, жүжигчидтэйгээ эвгүй харьцдаг. Инээж баясах нь цөөрч хаагдмал дотогшоо болсон аж. Хүүхэлдэйн “All Dogs Go To Heaven” кинонд дуу оруулах үедээ урьдын хөгжилтэй цовоо сэргэлэн Жудит нэгэнт биш болжээ.

Энэ байдлыг анзаарсан найруулагч нь ганцаарчилан ярилцах үед охин уйлан байж аймшигт аавынхаа тухай ам нээсэн. Бодит байдлыг мэдэрч цочирдсон найруулагч хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллага зэрэг холбогдох газарт нь хандахыг ээжид нь сануулжээ. Ээж нь ахин өргөдөл гаргасан ч дахиад л буцаагаад авчээ. Энэ үед аав нь урьдын адил ээжийг зодож хоюуланг нь ална хэмээн заналхийлсээр байв. Зугтсан ч хайж олоод хөнөөнө гэдэг болжээ. Энэ тухай мэддэг хамаатнууд нь ээжийг нь охиноо аваад зугтаагаад ч болов холдохыг олонтоо сануулсан ч аймхай эмэгтэйд тийм зориг байсангүй. Энэхүү хар дарсан зүүд мэт амьдрал 1988 оны 6-р сарын эцэс хүртэл үргэлжилсэн. Тэрхүү өдөр Жудит нэгэн баярт уригдсан байв. Баяр хийсэн найз нь хоноод явахыг санал болгосон ч ааваасаа айдаг охин шууд гэр лүүгээ буцжээ. Харин эцэг нь шөнө дөлөөр өрөөнд нь сэм орж унтаж байгаа охиныхоо толгой руу тулган буудаж аймшигт аллага үйлдсэн. Жудит агшин зуур амиа алдсан бол буун дуунаар гүйж ирсэн ээж нөхөрдөө мөн л буудуулан охиныхоо өрөөний үүдэнд үхэдхийн унажээ. Араатан эр эхнэр охиныхоо цогцосны дэргэд хоёр өдөр архидан согтуурчээ. Гэрээсээ ч гарсангүй, хэнийг ч оруулаагүйн дээр утсаа ч аваагүй аж. Гурвадахь өдрийн өглөө 27-нд студийн найруулагчийн дуудлагыг авч гэр бүлтэйгээ салах ёс хийж байгаа тухайгаа хэлжээ. Тэр өдрөө эхнэр охиныхоо цогцосыг шатаагаад гараашдаа орж амиа хорлосон.

Бяцхан алдартанг 1998 оны 8-р сарын 9-нд ээжтэй нь хамт оршуулжээ.

Дараа жил нь бүрлээчийн Анна-Маригийн дүрийн дууг нь оруулсан “All Dogs Go To Heaven” гэдэг хүүхэлдэйн кино гарч шуугиан тарьжээ. Киноны «Love Survives» гэдэг дууг Жудит Барсагийн гэгээн дурсгалд зориулсан. Өдгөө болтол Холливудад түүн шиг хүүхдийн өхөөрдөм хоолойтой нэг ч жүжигчин гараагүй гэдэг.