Эдүгээ дэлхийн бараг бүх улс гүрнүүд “бие даасан сан” буюу “үндэсний сайн сайхан байдлын сан” (оросоор “суверенный фонд”, “фонд национального благосостояния”, англиар “sovereign wealth fund”) гэсэн төрийн хуримтлалын сан байгуулдаг болжээ. Бразильд “Сайн сайхан байдлын бие даасан сан”, ОХУ-д “Тогтворжуулах сан”, “Нөөц сан”, Австралид “Ирээдүйн сан”, Казакстанд “Үндэстний сан”, Оманд “Нефтийн сан”, Азербайжан, Норвегид “Нефтийн төрийн сан”, Венесуэльд “Микро эдийн засгийн тогтворжуулах сан”, Кирибатид “Орлогыг тэнцвэржүүлэх сан”, Колумбид “Нефтийн тогтворжуулах сан”, Нигерид “Нефтийн трастын сан”, Норвегид “Даяар тэтгэврийн сан”, АНУ-д Үндсэн Хуулийн төсвийн Нөөцийн сан”, Хятадад “Хөрөнгө оруулалтын корпораци”, “Хөрөнгө оруулалтын компани” гэж бий.

Энд тоотой хэдхэн улсыг нэрлэсэн боловч угтаа бол дэлхийн бараг бүх улсууд “сайн сайхан байдлын сан” байгуулаад эхэлжээ. Манайд “баялгийн сан” гэж түр нэрлээд маргалдаж хэрэлдэж буй. Энэ нь угтаа бол төрийн хөрөнгө оруулалтын сан юм. Дашрамд дурдахад манайд хэрэглээд буй “баялгийн сан” гэдэг нэр томъёо тийм ч оновчтой биш. Учир нь монголчууд “баялгийн сан” гэхээр “пиг дүүрэн алттай авдар”-наас хэмжээ хязгааргүй авч зарж үрнэ гэж төсөөлөөд байгаа нь эдүгээ болж буй маргаанаас илт ажиглагдана. Иймээс “Тэтгэвэрийн сан” гэвэл илүү оновчтой мэт. Жишээлбэл, манай улс төрчдийн ярих дуртай Норвегийн баялагийн сангийн албан ёсны нэр нь Norway Government Pension Fund буюу “Норвегийн тэтгэвэрийн сан” билээ.

Үүний агуулга нь Та бидний хэн ч гэсэн тав арван төгрөг илүү гарвал үр хүүхдийнхээ нэр дээр хадгаламжийн данс нээдэгтэй ав адилхан. Гагцхүү иргэний түвшинд биш улсын түвшинд болохоороо “сан” гэсэн нэртэй болж байгаа юм.