ЭМЯ-ны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) ОХУ-ын Москва хот дахь Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран “Улаанбурхан, улаануудын тандалт” сэдэвт сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн үг хэлсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т туссан улаанбурхан, улаанууд өвчний тандалт, хяналтыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулж, эмч мэргэжилтнүүдийг уг сургалтад идэвхитэй оролцохыг уриалав.
Сургалтад Ховд, Дорнод, Өвөрхангай, Орхон, Өмнөговь аймгууд дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд болон нийслэлийн бүх дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн болон халдвартын эмч, тандалт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт 3 өдөр үргэлжлэх юм.

Манай улсын хувьд 2011-2014 онд улаанбурхан өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан боловч 2015 онд вирүс зөөвөрлөгдөн орж ирснээр уг өвчний дэгдэлт хоёр жилийн хугацаанд үргэлжилж, 50 гаруй мянган хүн өвчилсөн юм. Дэлхий дахинд халдварт өвчин хил хязгааргүйгээр нэг улсаас нөгөө улсад зөөвөрлөгдөн дамжих эрсдэл улам бүр нэмэгдэх болсон өнөө цаг үед Улаанбурхан, улаануудын тархалтыг таслан зогсоох дэлхийн зорилтын хүрээнд улс орнууд үндэсний түвшинд тандалтын тогтолцоогоо улам бүр бэхжүүлэх шаардлагатай байгаа ба манай улсын хувьд тандалтын тогтолцоо болон лабораторийн үйл ажиллагааг үе шаттай сайжруулах, аймаг орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг сайжруулах шаардлага байгаа.  Эл зорилгоор хил зэрэгцээ орших ОХУ-ын туршлагаас суралцаж, практикт хэрэгжүүлэх боломжийг эмч мэргэжилтнүүддээ олгох үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Дашрамд мэдээлэхэд ХӨСҮТ нь ОХУ-ын Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг болно.