Монгол улс боловсролынхоо салбарт анхаардаг. Үүний төсөв санхүү гүйцэтгэлийг нь Боловсролын зээлийн сан хариуцдаг. Тэгвэл тус сангийн 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан гарсан байна. Аудитын шалгалтаар хзгаарлалттай буюу олон алдаа зөрчил  илэрсэн байна. Тус  сангийн аудитын тайлангаас анхаарал татсан зүйлсийг онцолж байна.

Боловсролын зээлийн сан 2017 онд 19,332 суралцагчдад 21,690.8 сая төгрөгийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг олгосон байна. Хүснэгтээр харуулбал:

Үзүүлэлт Суралцагч /тоо/ Олгосон нийт зардал /сая төгрөг/
1 Дотоодын их, дээд сургуулиудад суралцагчдын буцалтгүй тусламж 5,839 12,796.8
2 Орон нутгаас суралцаж буй оюутнуудын замын зардлын хөнгөлөлт 10,981 1,033.4
3 Засгийн газрын гэрээгээр гадаадаас дотоодод суралцагчдад олгох тэтгэмж 122 667.5
4 Багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгох сургалтын төлбөр 1,517 4,835.8
5 Орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэг 704 327.1
6 Засгийн газар хоорондын тэтгэлгээр гадаадад суралцагчдад олгох тэтгэмж 151 2,030.2
Нийт дүн 19,312 21,690.8

 

2017 онд гадаад болон дотоодын дээд боловсролын байгууллагын 2,723 суралцагчдад 22,704.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн зээлийг олгосон байна.

АУДИТЫН ЯВЦАД ИЛРҮҮЛСЭН АЛДАА, ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ

Авлагын талаар

2017 оны жилийн эцсийн байдлаар 150,211.3 сая төгрөгийн авлагыг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тасралтгүй”, 5.1.3-т “жинхэнэ хэрэгжилтийн”, 5.1.4-т “үнэн зөв байх”, 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах …” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Эргэн төлөгдөх зээлийн талаар

  • Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын сургалтыг 1486 төгсөгч дүүргэсэн ба 555 төгсөгчийн сургалтын зээлийн төлбөр 15,364,723 ам.долларын буюу 37,292.2 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд:

 

  1. Төгсөж ирээд бүртгүүлсэн 504 төгсөгчөөс ажил эрхлэлтийн бүртгэл тодорхойгүй 173 төгсөгчийн 4,917,130 ам.доллар буюу 11,934.5 сая төгрөг,
  2. Ажил эрхлэлтийн бүртгэл, мэдээлэл шинэчлэгдээгүй 115 төгсөгчийн 3,780,594 ам.доллар буюу 9,176.0 сая төгрөг,
  3. Сургуулиа төгссөн боловч бүртгүүлээгүй 267 төгсөгчийн 6,666,999 ам.доллар буюу 16,181.7 сая төгрөгийн сургалтын зээлийн эргэн төлөлтийн гэрээ хэрэгжээгүй байна.

Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 58 төгсөгчөөс 40 төгсөгчийн сургалтын төлбөр 5,607,555.1 ам. доллар буюу 13,610.3 сая төгрөгийг санхүүжүүлснээс гэрээ нь хэрэгжээгүй байна. Үүнд:

  1. Ажил, хөдөлмөр эрхлээгүй 4 төгсөгчийн сургалтын төлбөр 925,454 ам.доллар буюу 2,246.2 сая төгрөг,
  2. Сургуулиа төгссөн боловч бүртгүүлээгүй 36 төгсөгчийн сургалтын төлбөр 4,682,101.1 ам.доллар буюу 11,364.1 сая төгрөг байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “жинхэнэ хэрэгжилтийн”, 5.1.4-д “үнэн зөв байх”, 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, …”, Гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний 3.5-д “Их сургуулиа төгсөж ирсэн даруйдаа энэ тухай Сургалтын төрийн санд ирж мэдэгдэнэ”, 3.6-д “Төгсөгч … зээлийн эргэн төлөх хуваарь гарган … эргэн төлнө”, Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний 3.6-д “Их сургуулиа төгсөж эх орондоо ирснээс хойш ажлын 21 хоногийн дотор Сургалтын төрийн санд өөрийн биеэр ирж мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Буцалтгүй тусламжийн талаар

2017 оны жилийн эцсийн байдлаар буцалтгүй тусламжид 12,796.8 сая, өндөр онооны тэтгэлэгт 4,835.8 сая, нийт 17,632.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон ба 4,837.0 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан суралцагчдын төлбөрийг 4 жилээр санхүүжүүлж, голч оноог харгалзан сургалтын төлбөрөөс чөлөөлөх нарийвчилсан журамгүйгээр 4,835.8 сая төгрөгийн сургалтын төлбөрийг олгосон,
  • Буцалтгүй тусламжийн дүн, зорилтот хөтөлбөрийн бүртгэлийн програмын дүнгээс 1.2 сая төгрөгөөр зөрүүтэй байна.

Зээлийн чөлөөлөлтийн талаар

2017 онд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан 51 төгсөгчийн 1,376,814 ам.доллар буюу 3,341.7 сая төгрөгийн сургалтын зээлийг Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2017 оны А/88 дугаар тушаалаар чөлөөлсөн байна.

 

Өөрөөр хэлбэл Боловсролын зээлийн сангийн санхүүгийн тайланд:

  • 150,211,3 сая төгрөгийн авлагыг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй,
  • Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын сургалтын эргэн төлөгдөх зээл 37,292.2 сая төгрөг,
  • Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагчдын эргэн төлөгдөх зээл 13,610.3 сая төгрөг,
  • Буцалтгүй тусламжиийн 4,837.0 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Энэ нь та бидний татварт төлсөн мөнгөөр зарим нэгэн нь гадаадад дотоодод сурсан хэрнээ “гонжирч” хариуцлагаас мултарч байгааг илтгэж байгаа юм. Нөгөө талаас та бидний татварт төлсөн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид ажилдаа хичнээ хариуцлагагүй хандаж байгааг илэрхийлж буй хэрэг юм.

Олон сургууль цэцэрлэг барих мөнгөөр ингэж хэдхэн хүн “тансаглуулж” буй энэ байдалд салбарын сайд Ц.Цогзолмаа та анхаарлаа хандуулж арга хэмжээ авна уу!!! Удахгүй хичээл сургууль орохоор энэ асуудал бүр ч гаарах нь дамжиггүй гэдгийг сануулж байна.