Ардын хувьсгалын түүчээ, амуу буудайны өлгий Сэлэнгэ нутгийн зон олны Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан баяр наадам ёслол төгөлдөр нээлтээ хийж албан ёсоор эхэллээ.

Энэ жилийн баяр наадам атрын 60 жилийн түүхэн ойтой тохиож байгаагаараа онцлогтой. Тиймээс ч наадмын нээлтэд атар газрыг эзэмшиж тариа будаагаа тарьж ургуулах нөх ир үйлсэд хичээл зүтгэлээ шингээн хөдөлмөрлөж яваа 17 сумын анхны атарчид, тэдний гэр бүл үр хүүхдүүд, ахмад залуу үеийн тариаланчдын төлөөлөл, сум тус бүрийн алдартан гавъяатнууд оролцож хүндэтгэлийн жагсаалаар наадамчин олонтойгоо мэндчиллээ.

Мөн атар газар эзэмшиж эхлэх үеийн онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамт тоглож сонирхуулав.

Баяр наадмын нээлтэд Ардын жүжигчин А.Долгор, дуучин Солонго нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

Хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй Сэлэнгэ нутгийн хүчит бөхчүүд хүрэлцэн ирж барилдлаа.

Энэ жилийн аймгийн баяр наадмын бас нэгэн онцлог нь аймгийн цол олгох барилдаан, атрын 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхчүүдийн барилдаан гэсэн 2 удаагийн барилдаан 2 өдөр дараалан зохион байгуулагдахаар юм.