Харилцаа нь муудсан Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд агаараар зорчих тасалбарын үнэ $10 орчим болоод байгааг Nikkei сонин мэдээлжээ.

Хоёр орны хооронд үргэлжилж байгаа худалдааны маргааны улмаас зорчигчийн тоо эрс буурсан нь үүнд нөлөөлсөн байна.

Өмнөд Солонгосын хямд нислэгийн Eastar Jet компанийн онгоцоор Сөүл хотоос Фукуока хот руу нисэхэд нэг талдаа 10,000 вон ($8.38) болжээ.

Буцах чиглэлд нисэхэд үнэ нь 1,000 иен ($9.35) болсон байна.

Энэ нь татвар, нэмэлт төлбөр ороогүй цэвэр тасалбарын үнэ гэнэ. Гэхдээ бүгдийг нь нэмсэн ч Сөүл-Фукуокагийн нисэх онгоцны тасалбар жилийн өмнөх мөн үеэс 60-80 хувь буураад байгаа ажээ.

Ялангуяа жилийн энэ үед Өмнөд Солонгост ургацын баярын амралт тохиож, гадаад руу аялах хүмүүсийн тоо нэмэгддэг юм. Ноднингийн баярын үеэр солонгосчууд нисэх онгоцны тасалбарын үнэ өндөр байгааг онлайн хэлэлцүүлэгт гомдоллон бичицгээж байжээ.

Худалдааны дайн хоёр орны аялал жуулчлалын салбарт цохилт өгөөд эхэлсэн байна. Тухайлбал долдугаар сард Өмнөд Солонгосын 561,000 иргэн Японд аялсан нь жилийн өмнөх мөн үеэс 7.6 хувь буурсан үзүүлэлт болжээ.

Эсрэг чиглэлд ч буурсан байна. Энэ оны зургаагаас долдугаар сарын хооронд Японоос ирэгсдийн тоо 2.7 хувиар буурсныг Өмнөд Солонгосын Аялал Жуулчлалын байгууллага мэдээлжээ.

Үүний улмаас өнгөрсөн сард Korean Air компани Японы зургаан хотын чиглэлд хийдэг нислэгийн тоогоо цөөлөх арга хэмжээ авснаа зарлаж байв.