Дуу бол ард түмний зүрх сэтгэл, амьдрал жаргалын дуулал билээ. Монгол эр хүнийг магтан дуулсан дуу нэгээр нэмэгджээ. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, дууны яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг, Аянга студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболдын аялгуугаар бүтсэн дуучин Г.Энхцэцэгийн Жавхлант минь дуу мэндэлжээ.

Яруу найрагч Ү.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хуудсандаа өөрийн шинэхэн дууныхаа талаар

….Эр хүн бол өрхийн тэргүүн, гэрийн хийморь юм. Тиймээс эр хүнийг дээдэлж магтан дуулах гэж энэ уран бүтээлийг бид бүтээв. Э.Эрболд сайхан ая хийж Г.Энхцэцэг тод сайхан дуулсанд яруу найрагчийн хувьд талархаж байна. Уг дууны шүлгийг та бүхэндээ хүргэж байна. “Жавхлант минь” дууны жавхлан бадартугай…. хэмээн бичжээ.

 

Ингээд та бүхэнд хийморийн дээд хийморь болсон Дуучин Г.Энхцэцэгийн шинэ уран бүтээл ЖАВХЛАНТ МИНЬ  дууг хүргэж байна.

Шүлгийг Ү.Хүрэлбаатар
Хөгжмийг Э.Эрболд
Дуучин Г.Энхцэцэг

ЖАВХЛАНТ МИНЬ

Амласан л бол арагшаа гишгэдэггүй анд минь
Ачилсан л бол хариу нэхдэггүй энэрэлт минь
Амар амгалангийн түшиг хүн уул минь
Аз жаргалын домог монгол эрчүүд минь

Зорьсон л бол золбоо хийморьтой анд минь
Зориглосон бол зовхи нь өөдөө эрэлхэг минь
Зохист ярууслын эгшиглэн ухааны тэнгэр минь
Зол жаргалын дуулал монгол эрчүүд минь

Эрийн жавхаа чонон хийморь
Эр хүн шиг эр хүн ийм л байдаг даа
Хараад хараад ханашгүй монгол бахархал минь
Хайрлаад хайрлаад баршгүй идэр жавхлант минь

Хайрласан л бол хайрласан шиг хайрлах хайр минь
Хангал багын араншин монгол жудаг минь
Ийм л гэгээн сайхныг хүснэ би, энэ амьдралаас
Итгэлийн минь итгэл монгол эрчүүд минь

Эрийн жавхаа чонон хийморь
Эр хүн шиг эр хүн ийм л байдаг даа
Хараад хараад ханашгүй монгол бахархал минь
Хайрлаад хайрлаад баршгүй идэр жавхлант минь