‘Авьяаслаг монголчууд’ шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин, кино найруулагч Г.Анхбаяр морин хуур бэлгэнд авчээ. Хэдхэн хоногийн өмнө Г.Анхбаяр өөрийн найруулсан ‘Огтлолцол’ уран сайхны киноны урьдчилсан үзлэгээ сүр дуулиантай хийсэн. Түүний энэхүү шинэ бүтээлийг мялааж ‘Камертон’ хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд морин хуур бэлгэнд барьжээ. Энэ тухайгаа Д.Болд өөрийн цахим хуудаснаа ‘Үеийн үед МОНГОЛ түмний дархлаа болсон соёл урлаг, ёс заншлаа өнө мөнхөд эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд гэр бүлдээ таниулан мэдрүүлж өвлүүлэн үлдээж яваарай гээд өргөө гэрийн жаврыг үргээдэг ИХ ХУУРАА уран бүтээлч дүүдээ гэр бүл үр хүүхдийнх нь өргөө гэрт өргөн барья…Үргэлж өргөө гэрт нь жавар нь үл тогтож,ирсэн зочид гийчид нь дуу хууртай баяр баясгалантай аз жаргалтай байх болтугай…Энэ үед түүний уран бүтээлийн ЗУУ-ЗУУН үр жимсний үр жимс нь соёолжээ. Найз нөхөд,энэ цагийн залуучууд МОНГОЛЫН кино урлагт хайртай ард түмэн минь энэхүү шинэхэн соёолсон бүтээлийг нь услан тордож мэлмий сэтгэл зүрхээ БАЯСГАН ДЭМЖЭЭРЭЙ…ОГТЛОЛЦОЛ’  хэмээн бичсэн байна.