Би гурван найзаа л меншион хийсэн...
Би нэг их амьдрал үзчихсэн хүн биш л дээ. Гэхдээ хэрэгтэй гэвэл ярья л даа, бүр эхнээс нь…


Дэслэгч Мөнхшүр
ЕБС-иа төгсөх жил айл бүрт “Энэ хүүхдийг ямар мэргэжилтэй болгох вэ” хэмээх асуулт ундарч эцэг, эхчүүд олон хоног бодол тээж явдаг даа. Би ч ээж, аав хоёртойгоо нухацтай ярилцаж, “Би чадна” гэж эрс шийдээд цагдаагийн академи руу хувийн хэргээ бариад алхчихсан.

Хуулийн дагуу шалгалтаа өгсөн, тэнцсэн, сонсогч болсон.
Томдсон хээрийн хувцас, ташаа холгосон суран тэлээ, хатуу ултай израйл өмсөөд “Зэрэгц” командаар нэг эгнээнд жагсаад эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх эмэгтэй хүнд амар биш. Тэгсэн ч цэрэг, цагдаагийн хүн болчихоод “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн гар өргөн ёсолж байна гэж зүүдэлж хоносон шөнө олон тул мөрөөдөл биелж буй мэт санагдаж, мэдэхгүй ээ шантарч лав үзээгүй.
Дэврүүн мөрөөдөлдөө хөтлөгдсөн дэлчгэрхэн оюутан явахдаа гэр бүлийн хүнтэйгээ танилцаж байлаа. Хайрласан, дурласан, хамтын амьдралаа эхлүүлсэн. Хайрын үр үндэс соёолж бид охинтой болсон. Сонгосон мэргэжил, суралцсан сургуульдаа дэндүү хайртайдаа ухарч няцаж, үе тэнгийнхнээсээ хоцрохыг хүсээгүй тул жилийн чөлөө ч авалгүй гүрийсээр дөрөвдүгээр курсээ төгсөж 2013 оны зургадугаар сарын 15-ны өдөр ромбо, дипломоо гардлаа. Ингэж анх удаа мөрөн дээр минь “дэслэгч” мөрдэс гялалзав.
Ахмад Мөнхшүр
Анхны томилолт. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Мөнхшүр. Ингэж л мөрөөдөж хоносон “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээх үгийг жинхнээсээ, бүр чин зүрхнээсээ хэлж эхлэв. Тэр үед ажилдаа дуртай, шижигнэсэн залуу үе явлаа. Тэнд ажиллаж байх хугацаанд дахин хайр соёолж хоёр дахь охиноо төрүүллээ. Гэхдээ гэртээ суухыг хүссэнгүй.

Эрж хайж, олж илрүүлэхсэн гэхээс эз хатгаж охиноо есхөн сартай байхад нь ээждээ үлдээгээд ажилдаа орчихлоо. Дэслэгч цолтой хүүхэд төрүүлчихээд эргээд ажилдаа ороход цол ахиулах тушаалыг тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Тэмүүжингийн гаргасан. Ингэж “ахмад” цол хүртэв.

Хоёр нялх хүүхэдтэй, хөхүүл. Тэгсэн хэр нь 22-хон насандаа мөрөндөө “ахмад” цол гялалзуулчихсан намайг хараад “Аая” гэж уулга алдах хүн олон л байсан. Бахархаж нэг, бүлтийтэл ширтэж нэг…
Мөрөн дээр “ахмад” цол гялалзах ч миний дотор үргэлж “шинэхэн дэслэгч” сууж байдаг байлаа. Ажилдаа дадах гэж, ажлаа гартаа оруулахсан гэж цаг наргүй ажиллаж, өдөр шөнөгүй “тулаан” хийж жижүүрлээд л…Гэсэн ч жаргалтай, ядарсан нь үгүй цог золбоотой.
Тэгж байтал дахин сайд, дарга нар солигдож бүх албан тушаалын цолыг буцааж хуучин хэвэнд нь оруулах юм болов. Тухайн үед би цагдаагийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд ахлах дэслэгч цол хүртэх цаг хугацааны 3/2-ийг туулсан байлаа. Ингээд цагдаагийн байгууллагийн албан тушаалын цолонд өөрчлөлт орж хэн хэн нь ямар цолтой байсан түүнийгээ буцаан зүүсэн. Ингээд ахлах дэслэгч болов. Гэхдээ гуниглаагүй юм шүү.
Мөрдөн байцаагч Мөнхшүр
Хар үүрээр босоод Хан-Уул дүүргээс Хайлааст хүртэл цаг нартай уралдан гүйгээд л байна, гүйгээд л байна. Орой нар жаргахтай уралдан хоёр охин руу гаа буцаад бас л гүйгээд л байлаа, гүйгээд л байлаа. Тэгсэн ч ажлаасаа тараад очиход хоёр охин минь унтчихсан ээж маань “Бага чинь уйлаад аа” хэмээн дөнгөж л унтуулсан бололтой суугаагаараа зүйрмэглэж байх нь өрөвдмөөр.

Нөхөр эрүүгийн төлөөлөгч. Надаас ч илүү гэрийн бараа харахгүй. Хулгайч, дээрэмчидтэй хөөцөлдөөд л явна. “Гэр бүлдээ цаг гарга” гэх ээжийн зэмлэл олширч, “Эмэгтэй хүн байж хэрэгтэйнтэй зууралдаад л яасан ч хэцүү юм” гэх халаглал ч хэдэнтээ сонсогдож гэрийнхээ ойр хэлтэст томилогдох хүсэлтээ өгч 2016 оны дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөн л мөрдөн байцаагчаараа томилогдсон юм. Дахиад гүйгээд л байлаа. Өглөө ажилдаа ирэхэд ширээ дүүрэн хохирсон, холбогдсон хүмүүсийн өргөдөл, хавтаст хэрэг угтана. Уншина, танилцана, үнэлэлт дүгнэлт өгнө, учир шалтгааныг нь тогтоохыг хичээнэ.

Ер мөрдөн байцаагчын ажил маш их оюуны хөдлөмөр, ур чадвар, асар өндөр зохион байгуулалт, цаг хугацаа шаардсан ажил л даа. Гэртээ ойр ажилтай болсон ч гартаа барьсан хэргийн материал нимгэрээгүй тул үр хүүхдэдээ өгөх хайр минь дүүрэнгүй хэвээр…
ХЭҮК-ийн референт Мөнхшүр
Нөхөртэйгээ нэг орой сүрхий ярилцаж суулаа. Анх танилцсанаа, ажлын ачааллаа ярилцаж, хэсэг суув. Нөхөр “Хоёулаа цагдаагийн байгууллагад ажиллахаар үр хүүхэддээ зарцуулах цаг нар үнэндээ гарахгүй юм. Нэг нь цагдаагаас гарч өөр салбарт ажиллах уу” гэж хэлээд над руу учиртай ширтсэн. Түүний харцнаас Чи л гарна даа” гэх үг уншигдаж байлаа. Нөхрийнхөө аргадаж гуйсан харцанд дальдарч чадалгүй хүсээгүй ч албанаасаа гарч хүүхдээ хараад гэртээ суулаа.
Тэгтэл нэг өдөр утас дугарч “Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс ярьж байна. Ирж уулз. Төрийн албан хаагчын анкет, цээж зурагтай ирээрэй” гэв. Очиж уулзвал “Манайх нэг орон тоон дээр хүн судалж байгаа юм. Ямартай ч чамайг судалъя. Эргээд холбогдоно” гээд анкет аваад үлдлээ. Хүлээлээ. Ярьсангүй. Тэнцсэнгүй л бололтой.
Дараа нь ХЭҮК-т гомдол, хяналт шалгалтын хэлтсийн реферэнтээр томилогдсон юм. Ахиад л хайрын үр соёолж гурав дахь хүүхдээ өлгийдлөө. Хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөгөө ч авлаа…
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Мөнхшүр
Хоёр сартай охиноо хараад гэртээ сууж байтал фэйсбүүкээр “Монгол HD” телевизийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтөлбөртөө өдрийн шууд нэвтрүүлэг хөтлөх зочин хөтлөгчийн уралдаан зарласан байв. Уралдааны болзол нь гурван найзаа меншион хийж, шаре хийх. Сониуч зан хөдөлж зааврын дагуу уралдаанд ортол долоо хоногийн дараа телевизээс надруу ярьснаар тус нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр нэг өдөр ажиллах боломж тохиов. 2018.11.26-нд анх удаа шууд нэвтрүүлэг хөтөлж дуусаад гараад иртэл гар утсанд маань маш олон дуудлага ирсэн байсны нэг нь “Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү гэж хүн тантай ярьж байна” гэх дуудлага байв.
“Сайн уу, Мөнхшүрээ. Чи хаана ажиллаж байна. Манайд судлагдаж байсан юм байна шүү дээ. Чиний шууд нэвтрүүлэг хөтлөхийг үзлээ. Мундаг байна. Манайд орон тоо гарсан, яаралтай хүн томилохгүй бол болохгүй байна. Манай орох уу” гэх асуултыг надад тавьсан. Дахиад л хоёр сартай нялх хүүхдээ орхиод ажилд орно гэхээр хүнд санагдаж байсан ч залуу хүн бүхнийг амжуулах ёстой гэсэн алтан дүрмээ дагаж өөрийгөө хүчлээд цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн ажилтан болсон.
Сэтгүүлчдэд мөнгө тараасан Мөнхшүр
2013 онд анхны томилолтоо өвөртлөөд Чингэлтэйг зорьсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж ирсэн цаг хугацаагаа товчхон сийрүүлбэл энэ. Мөрдөгч байхдаа хүүрийн толбо бүү хэл хүүртэй хамт нэг машинд суугаад өглөө болгож, өчнөөн олон цогцос дунд үүрээр задланд орж л явсан. Хүн алуулсан, хүүхэд хүчиндүүлсэн…бүхнийг нүдээрээ харсан, ажилласан. Гэлээ гээд цагдаагийн алба хаагчид хэзээ ч “би хүүртэй хамт өглөөг угтсан” гэж хэн нэгэнд ярьдаггүй л байхгүй юу. Энэ бол бидний л ажил. Хэнд, яах гэж, юу хүсч, юу горьдож ярих гэж…
Гэтэл ямар цаг хугацаа, он жилүүдийг хэрхэн туулж ирснийг мэдэхгүй хэр нь мэддэг мэт, таньдаг мэт таван төгрөгөөр өөрийгөө худалдан байж нүд цавчихгүй худал ярьж, мөрөөрөө ажлаа хийж яваа гэмгүй нэг цагдаагийн алба хаагчаар улстөр хийж байгаад урам хугарч байна. Уучлаарай, би улстөр мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Цагдаа болох мөрөөдлөө тээсээр цагдаагаараа л энэ хорвоогоос буцна.
Намайг сэтгүүлчдэд мөнгө тараасан гэв үү. Хэрэв надаас мөнгө авсан, авилга, хээл хахууль хүртсэн сэтгүүлч байвал шударгаар гараад ир. Тэгвэл би төрийнхөө тугийг бүтэн нэг тойрч, сүлдэндээ ёслоод “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж ажлаа эхэлсэн ч “Монгол Улс минь уучлаарай” гээд мөрдэсөө тайлаад Монголын цагдаагаас гарч одъё.


Миний мөрөндөө гялалзуулсан ахмад цол, албан тушаал минь үрээ үнсээд үүрээр гарч одсон өглөө бүрийн, үдэш унтаж байхад нь үнсээд хөнжилд нь шургасан өдөр хоногуудын үнэндээ зөв шударгаар хөдөлмөрлөсөн он жилүүдийн минь гавьяа шагнал юм шүү. Мөрдөн байцаагч байхдаа алдаж үзээгүй, сахилгын болон прокурорын шаардлага авч үзээгүй цаг хугацаа үүнийг гэрчлэх биз.
Нээрэн надад хоёрхон шагнал бий. 2016 онд цагдаагийн ерөнхий газрын даргын баярын бичиг байгаа. АСЕМ-ийн хамгаалалтад сайн ажилласан гэж шагнасан юм. Бас 2018 онд байгууллагынхаа спортын тэмцээнд амжилттай оролцож, медль авсныг минь үнэлж “Спортын алдар” тэмдгээр шагнасан. Үүнээс өөр Хууль зүйн яамны алдар, цагдаагийн гавьяа гэх хэтийдсэн шагнал даанч алга.

Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа мөрдэстэй төрийн албан хаагчаар ингэж тохуурхах ардчилсан нийгэм, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрин үед гомдож байна.