Монголын төрийг хагас зуун жил жолоодсон Цэдэнбалын газар дээрхи ганц хүү Зориг эдүгээ Москвад амьдарч байна. Тэрээр гурван жилийн өмнө аавынхаа зуун жилийн ойгоор Монголд, эх орондоо ирж, их л дүргүйцэж, шахуулж байж ганцхан манай телевизэд бүрэн хэмжээний ярилцлага өгсөн. Түүнийг ирэх өглөө эрдэм судлалын “Цэдэнбал” академийн дэд ерөнхийлөгч, түүхч Ц.Жамбалсүрэн тэргүүтэй бидний нөхөд их удирдагчийн хүүг онгоцон дээр тосов. 44 жил Монгол улсыг удирдаж, хөгжлийн манлайд хүргэсэн Ю.Цэдэнбалын хүү социализмын үеийн загвартай савхин хүрэмтэй, хааяагүй л байдаг цүнх үүрчихсэн, зузаан нүдний шилтэй бидэн рүү гар даллан орж ирэхэд өрөвдөх, хайрлах, харамсах сэтгэл зэрэг төрж, эндээсээ шууд эцгийнхээ шарил руу явья гэхэд нь бүгд л толгой дохиосон юм. “Аавын минь ганц мөрөөдөл Монголдоо, Увсынхаа Давстад очиж насаа өнгөрөөх байсан ч чадаагүй. Москвагийн тэнгэр дор сүүлчийн амьсгалаа татсан эцгийн минь шарил надад юунаас ч үнэтэй гэсэн түүний харуусал Монголын харуусал мэт байлаа. Хүйтэн цемент үнсэн сүү өргөн тойрч алхах түүний үс бууралтаж, Ю.Цэдэнбал даргатай адилхан болж байгаа төрхийг харсан ямар ч монгол хүн нулимс унагахаар…Тухайн үед энэ талаар цахимд бичиж, удахгүй ярилцлага өгөх байх хэмээн зургийг тавихад нам төрийн нэг нөхөр Ц.Зориг руу утасдаж “Танд хувцас, костюм авч өгье” гэж тэнэгтсэн гээд бод доо. Хариуд нь тэрээр “Надад эцгийн минь өмсөж байсан зөндөө костьюм бий. Би үнэтэй тансаг буудалд буухгүй. Улсаас өгсөн жижиг байр байгаа. Түүндээ хэд хононо” гэж уурласан. Хамгийн харамсалтай, хамгийн үнэн бодит түүх нь одоо доор бичих, түүний өөрийн яриа юм.
“Бага хуралдай” эрдмийн чуулган 216-д тэр юу ярьсан бэ?


– Тэр үед ЗХУ-ын төрийн тэргүүний урилгаар манай эцэг Москвад ирсэн, бид ч хамт ирсэн. Энд ирэхэд эмнэлэгт очиж шинжилгээ өгөх шаардлагатай гэдэг санал тавьсан. Ингээд эмнэлэгт хэвтэж, шинжилгээ өгч, томографийн шинжилгээгээр “Тархины үйл ажиллагаа суларсан тул цаашид ажиллах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан байсан. Ээж бид 2 эмнэлэгт ирж, Кремлийн эмнэлгийн захирал Чазовтой биечлэн уулзаж “Хэрэв та нар ингэж үзэж байгаа бол эмч нарын зөвлөгөөний хуралд би оролцоно” гэсэн хатуу шаардлагыг ээж тавьсан. Хурал болох тодорхой цаг хугацаа тохирсон ч үнэн хэрэгтээ хурлаа аль хэдийнэ хийгээд, тархины үйл ажилагаа алдагдсан гэсэн дүгнэлт гаргаад, баахан эмч нарын гарын үсэг зуруулчихсан байж. Би хананд өлгөөтэй тархины цахилгаан бичлэгт дөхөж очиход Чазов эмч намайг гараас татаж холдуулсан юм. Энэ зуур би зургийн дор бичлэг хийгдсэн сар өдөр, онош бичигдсэн байсныг олж харж амжсан. Гэтэл сар өдөр нь аавын эмнэлэгт хэвтээгүй, зураг огт авхуулаагүй буюу өөр хүний томограф зургийг тавьсан байсан. Эндээс харахад энэ бүх процесс хуурамч байж. Энэ хуурамч дүгнэлтэнд үндэслэн миний аавыг төр засгийн удирдлагаас зайлуулсан. Ийм л явдал болсон. Ингээд аав минь гэрийн хорионд орсон юм… Эх орноос нь хүчээр салгаж, албан тушаалаас нь огцруулж, нутаг буцах эрхгүйгээр хүний нутагт гэрийн хорионд орсондоо аав минь сэтгэлээр унаж, маш их ганцаардаж байсан. Хааяа гудамж талбайд нутгийн хүмүүстэй тааралдах үед баярлаж, улс оронд маань юу болж байгаа талаар бага сага сонин сонсож авдаг байлаа. Нутгийн хүмүүстэй уулзсан хэд хэдэн уулзалтанд би хамт байсан. “Эх орон руугаа явмаар байна. Давст руу очмоор байна” гэж байнга ярьдаг байсан. Хүний нутагт хүчээр байлгасан нь эрүүл мэндэд нь маш муугаар нөлөөлж, аав эрт хорвоог орхиход хүргэсэн… Би Монголд ирэх болгондоо онгоцны буудлаас шууд Алтан-Өлгий орж, эцгийнхээ шарилд мөргөж, цэцэг өргөдөг. 1991 онд л эцгийгээ таалал төгсөхөд гэгээн шарилыг нь Монгол нутагт авчирч, хөдөөлүүлэх боломж олдсон юм. Амьд сэрүүндээ “Намайг нас барахад миний амьдарч байсан байшингийн урд оршуулаарай” гэж олон удаа захидаг байсан. Яг энэ захиснаар болоогүй ч аавыгаа эх нутгийнхаа хөрс шороонд нойрсуулсан…


Эрин зууны их удирдагчийн газар дээр үлдсэн ганц хүүтэй энэ бүхнийг ярилцахад надад маш хүнд байлаа. Сэтгүүлчийнхээ хэм хэмжээний хил хязгаарыг давж, ярилцлагын үеэр уйлж унжиж, зураглаачдаа сандаргаж ёстой хэцүү байсан даа. Түүний ганц хүсэлт болох “Надад одоо хүсэх зүйл ганц л байна. Эрх ямба, эд мөнгө биш, гагцхүү аавын минь үнэн түүхийг хойч үед үлдээгээч. Өөр хүсэх зүйл алга” гэсэн үгийг би ард түмэнд, төрд нь хүргэсэн. Энэ ярилцлага гарангуут дээр доргүй бужигнаж, УИХ-ын дарга М.Энхболд “Хүсэл бүхнийг чинь биелүүлье” гэж сандрахад тэрээр юу ч хүсээгүй. Харин өнгөрсөн зууны бүхий л үнэн түүх, аавын минь Монголын төрийг 44 жил жолоодсон он жилүүдийн тухай олон арван ном бичсэн түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэнд та нар зохих төрийн хүндэтгэл, шагналыг өгөөрэй гэсэн. Харамсалтай нь МАН-ынхан “За, за” гэчээд өгөөгүй л байна. Миний МУИС-ийн багш тэрээр өнөөдөр ч номоо бичээд, үнэн түүхээ өгүүлээд нас өндөр болоод л, цүнхээ үүрээд л манаргаж явна. /Монгол бадарчин Амайгийн аав шүү дээ/. За түүхэн ярилцлагуудын нэгийг намрын гэгэлгэн өдрүүдэд, их удирдагчийн энэ л цэнхэрхэн дэлхийд мэндэлж байсан өдрүүдэд эргэн дурсахад ийм байна. Бүрэн эхээрээ “Бага хуралдай” эрдмийн чуулган 2-р ботид бий. Өнөөдөр Цэдэнбалын Зориг Москвагийн тэнгэр дор биднийг харж суугаа. Газар дээрхи ганц үр нь болсон та урт насалж, удаан жаргаарай. Эх орон минь танд өртэй.

Сэтгүүлч Ш.Хишигсүрэн