Энэ өдрийн тухай хэдэн зүйл ухаан бодолд санагдсанаа бичиг дор буулгах ану мөхөс миний мэдэх хоёр настан буурлуудын тухай юм.
Алин хэмээвээс бага балчир насандаа учирч явсан өвөг эцэг болон өвгөн лам багшийн тухай юм. Тэд бүгд бага залуу насандаа лам яваад 1937 онд цагийн эрхээр хурал ном хаагдаж, багш нарыг нь барьж хэлмэгдүүлсэн ба тэднийг цэрэгт явуулжээ.
Тэр үеийн цэрэгт очсон залуу лам нар цэргийн эрдэм сурах нь нэн хялбар байсан агаад учир нь бусдаас оюун ухаан нь илүү хөгжсөнд байсан хэмээн хууччуул ярьдаг байлаа. Ингээд 1939 онд Халх Гол лугаа эх орноо хамгаалахаар тэд дайнд мордсон ажээ.
Хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйд Унзад багш Сундуй бол хэлмэгдүүлэлтээс өмнө Амарбаясгалант хийдийн бага унзад байсан бөгөөд бага наснаас цогчин уншлага, харанга, магтаал, хангал, ерөөл бүгдийг цээжилсний дээр Цогт Цагийн Хүрдний их уншлага ном бүгдийг цээжилсэн ба сайхан шахмал хоолойгоор уншдаг байсан тул Богдоос дархалсан түүний багш Дархан унзад Дамдины хажууд голч буюу сайн уншаачийн суудалд суулгаж хуруулсан аж. Түүнийг арван таван сүүдэртэйд нь Цогчин бага унзад болгожээ. Тэр сайхан цаг үе төд удалгүй хаагдаж, багш нар болон ахмад лам нарыг барьж яваад, хийдийн үүдийг хаах хүртэл хүүхэд, залуу лам нар хурлаа хурсаар байсан бөгөөд нэг өдөр тэднийг цэрэгт явуулж хийдийн үүдийг лацаджээ.
Залуу унзад цэргийн сургуульд амархан мэргэшсэн учир цол ахисаар Халх Голын дайнд хошууч цолтой дайтаж явсан ба байлдааны цусан гавъяаны одонгоор шагнуулжээ. Дайны дараа түүний ээж нь Лхагвасүрэн жанжин дор захидал бичиж ганц хүүг минь цэргээс чөлөөлж эхийн сэтгэлийг дэвтээж өгнө үү? хэмээсэнд жанжин бээр штабынхантай удтал хэлэлцсэний эцэст түүнийг цэргээс чөлөөлжээ. Унзад багш цэргээс ирээд ер гэр бүл болсонгүй, ээжийгээ ачлан асарч байсаар ерэн ес наслуулсан агаад зуу наслуулж чадаагүй хэмээн ихэд харамсан айлддаг байлаа. Мөхөс хөвүүн би 1990 онд Унзад багшид шавь орж олон ном эрдэм заалгаж явсандаа цаг ямагт ихэд бишрэн өдөр бүр түүнийг лагшин дүрийг бясалган санадаг юм.


Миний ээжийн аавыг үеийнх нь өвөгчүүл Жанцан жорвон хэмээн дууддаг байсан бөгөөд жорвон хэмээх нь эдүгээ цагийн хэлээр ангийн дарга хэмээсэн утгатай аж. Учир нь өвөө бага залуудаа Их Хүрээний Гандан Тэгчэнлин хийдийн Гунгаа Чойлин дацанд суран ахуйдаа зиндааны жорвон буюу ангийн дарга байж. Бас тэр цагт Зава Дамдин гуайн шавь байсны барилдлагаар дацангийн их, бага сахиус буюу Охин Тэнгэр Лхам болон Очрын Хүчит Дорж Шүгдэнгийн авшиг увдис, ном уламжлалыг хүртэж 1984 он хүртэл тахилгыг нь нэг ч таслалгүй явсаар таалал төгсөхдөө зандаанийхандаа үлдээсэн бөгөөд тэндээс Дамдин гуайг жорвон болгосноор Дамдин жорвон 2001 хүртэл тахилга таслаагүй явсаар Гандан хийдийн Гунгаа Чойлингын хуваргуудад үлдээсэн ажгуу.
Өвөө маань бас залуудаа цэрэгт татагдаж, улмаар Халх Голын дайнд тулалдсан ба дайны дараа японы олзны цэргүүдийг Сахалин арал хүртэл Улсын даалгавраар нөхдийн хамт туун яваад хүргэж өгөөд эгэх замд морин дэл дээр нь Байлдааны цусан гавъяаны одонгоор энгэрээ цоолуулж байжээ.


Тэр үед олзны цэргүүдийн шархыг нь сувилах, шархаа даахгүй өөд бологсдын хойдхыг уншиж, сүнсийг нь амирлуулан төрөл авхуулж явсан дор дотоодын нэгэн туршуул япон цэргийн дунд тагнаж ажиж явсан боловч тэр туршуул өвдөх үед өвөө асран тойлсон дор сэтгэл уярсан тухайгаа хожим өвөөд ярьсан байдаг.
Өвөөгийн Халх Голын дайнд агсаж явсан морин цэргийн сэлэм бол түүний урд үеийн нэгэн баатар цэрэг гаминтай тулалдаж явсан сэлэм бөгөөд хожим өвөө маань миний аав дор хайрлаж, аав маань над дор соёрхсоныг нандин шүтээн болгон хадгалж явсаар 2002 онд Амар Баясгалант хийдэд Монгол ринбүчи багшийн зарлигаар цам гарахуй дор Дорж Шүгдэнгийн чойжин буулгах үед их сахиусан дор барин равнай өргүүлж амилуулаад, жахар сор гаргах үед номын зэмсэг болгон ашигласан бөгөөд эдүгээг хүртэл шүтээн дор хайрлан хадгалан оршсоор буй.
Эрт цагт Эсүран тэнгэр бээр найман хурц хигээст эргэлддэг хүрдэт зэвсгийг Бурхан багш дор өргөснөөр номын хүрдэн болгосон лугаа адил зэвсгээс зэмсэг болсон түүх ийм ажээ.