Улаан бал” нэвтрүүлгийг хийдэг Лодой хэмээх залуу 34 дэх дугаараа бэлтгэхдээ Монгол Улсын төрийн далбааг гараараа, шүд амаараа даавуу шуувуу, самбайг энгээр нь цуулах мэт шаржигнатал урж “За, яасан монгол төрийн далбааг урах сонин байна уу” гэсэн гаж үйлдлийг цахим ертөнцөөр цацав.

Алдар нэрийн төлөө нөхөр ийнхүү араатнаас ч долоон дор авирлаж буйг юу гэж үзвэл зохилтой вэ. Энэ бол үнэндээ Монгол Улсаа доромжилж буй хууль зөрчсөн үзэгдэл.

Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 2-ын нэгдүгээр зүйлд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэсэн байдаг бол мөн хуулийн 2-ын 2дугаар зүйлд “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заажээ.

Хуулийн заалтын дагуу бол Лодой хэмээгч эл нөхөр Монголын ард түмний тусгаар тогтнолд аюул занал учруулж, түүхэн уламжлалыг үгүйсгэж, ард түмний эв нэгдэлд заналхийлэн, шударга ёсыг зөрчин, цог хийморийг гутаасан нь тодорхой байна.
Нэг ёсондоо мань хашир Монгол үндэстний агуу их удирдагч Чингис хааныг доромжилж, Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийг салбартал урж, бурхан өөдөө нулимсантай ялгаагүй үйлдэл гаргажээ.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 26дугаар зүйлд “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно”, 27дугаар зүйлд “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан бөгөөд 27-ын1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 28 дугаар зүйлд “Хуулийн биелэлтэд тавих хяналт.

Энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Олимп, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож буй Монгол Улсын иргэд төрийн далбаагаа дээдлэн хүндэлж, үнсэж, нөмрөн гүйж ялалт баярын нулимсаа төрийн далбаандаа л мэхийн илэрхийлдэг атал “Улаан бал”-ын Лодойгийн улс амьтны нүдэн дээр улайм цайм үйлдсэн эл гаж явдал хуулийн хариуцлагаас гадуур өнгөрөх ёсгүй гэж олон түмэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.