“The Hu” хамтлаг “Биллбоард”-ыг тэргүүлж, BTS-ийг ардаа орхилоо

Өчигдөр манай “The Hu” хамтлаг хоёр том амжилт тогтоолоо. Монгол Улсын хөгжмийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж өнгөрлөө.

Эхлээд тэд Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан. “Official Charts” байгууллагын гаргадаг энэ жагсаалтад багтах нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөний баталгаа юм. Нэр хүндтэй энэ жагсаалтад монгол уран бүтээлч орж байсан удаа байхгүй. “The Hu” хамтлаг 21-т бичигдсэн.

Дараагийн түүхэн амжилт нь Америкийн “Биллбоард”-ын жагсаалтыг “Гэрэг” цомог нь тэргүүллээ. “The Hu” хамтлагийн анхны “The Gereg” цомог нийт есөн дуутай. “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve Yu”, “Shireg Shireg”, “Song of Women”. Бүх дуу нь эх орон, монгол ёс заншлаа хайрлан хамгаалах үзэл санаатай бөгөөд хамгийн гол нь монгол хэлээр дуулдаг.

Монгол хамтлаг монгол хэлээр дуулж гаргасан цомог дэлхийд тэргүүлнэ гэдэг үнэхээр бахархмаар үйл явдал юм. Өмнөд Солонгосын эдийн засагт жилд хэдэн тэрбум ам.доллар оруулдаг, дэлхий дахинд хэдэн сая фэнтэй BTS хамтлагийн дөрвөн цомог манай хамтлагийн араас жагсжээ.

“The Hu” хамтлаг 12 дугаар сар хүртэл АНУ, Канадад аялан тоглолт хийж байна.