“Энх Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллага, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо” ТББ хамтран “1000 анхдагч илгээлтийн эздийн чуулга” уулзалтыг ирэх сарын 1-нд буюу Ахмадын баярын өдөр 11:40 цагт Орхон аймгийн “Хангарьд” паласт зохион байгуулна.

Уг чуулганд 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс өмнө илгээлтээр очиж, бүтээн байгуулалтад гар бие оролцож, өнөөг хүртэл Эрдэнэт хотноо ажиллаж амьдарч байгаа 23 салбарын анхдагчид болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Орхон аймгийн удирдлагууд оролцох юм байна.

Түүнчлэн тус чуулганд гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Д.Үүрийнтуяа болон дуучин П.Идэржавхлан нар оролцох аж.

Сонирхуулахад, дээрх уулзалтын ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр “Энх Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Бат-Энх ажиллаж байгаа юм.

IFrame