Ази хүмүүсийн европчуудаас ялгагдах гол онцлог нь онигор нүд, өргөн шанаа байдаг. Гэтэл сүүлийн үед монголчууд төдийгүй Азийн бусад орны хүмүүс эр эмгүй л онигор нүдэндээ пластик мэс засал хийлгэж давхраатай болоод буй.


Монголын комедиан урлагын төлөөлөгч Б.Идэр-Од уг асуудлын талаар ярихдаа “Би эцэг эхээс заяасан энэ төрхөндөө мэс хүргэхгүйгээр аятайхан арчлаад явъя гэж боддог. Онигор нүд гоё шдээ. Аса аварга бид хоёр онигоруудын холбоо байгуулна гэж ярьж байна” хэмээн хошигножээ.


Мөн тэрээр “Онигор нүдэндээ давхраа хийлгэж буй хүмүүсийн өмнөөс харамсдаг. Анзаарвал мода эргэдэг. Том алаг нүд моданд орох өдөр байхад минийх шиг онигор нүд гоё харагдах өдөр ч ирнэ. Тэгэхээр давхраа хийлгэхээр бодож буй хүмүүст хэлэхэд өөрийнхөө нүдийг моданд ортол хүлээ” хэмээн зөвлөсөн байна.