Н.Ганбямбын хүү Төрийн банкны захирал хийдэг


Төрийн гэсэн тодотголтой болгоны удирдлагаар тэр улс төрчийн хамаатан, тэрний хүн томилогдсон гэсэн шүүмжийг дагуулдаг. Үүний тод жишээ нь төрийн өмчит Төрийн банк юм.

Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан тус банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилсон байдаг. Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн төрсөн дүү нь юм.
Харин У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэлдсэний дараахан Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг /2018 оны нэгдүгээр сард/ чөлөөлж, түүний оронд Г.Дөлгөөн хэмээх 30 гаруйхан настай залууг томилсон байдаг.


Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын төрсөн хүү нь ажээ.
Г.Дөлгөөн 2008 онд МУИС-ийг Олон улсын эдийн засагч /бакалаврын зэрэгтэй/ мэргэжлээр төгсөөд л Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016 оны хугацаанд/-аар ажиллаж байж. Энэ бол эдийн засагчаар төгссөн залууст тэр бүр олдоод байдаггүй боломж.

Харин 2016 оноос эхлэн тэрээр Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал /2016-2018 оны хугацаанд/-аар ажиллаж байсан байна.