2010 онд Кристин түүний нөхөр Майкл Барнетт нар 6 настай Наталья Грэйс гэх Украин охиныг өргөж авсан байна. Охиныг өргөж аваад жил ч болоогүй байхад охины сарын тэмдэг иржээ. Наталья Грэйс охин өөрийгөө зургаан настай гэсэн ч том хүн шиг шүдтэй, нэг жил болоход ганц ч см өсөөгүй аж.

Яг л жоохон хүүхэд шиг ягаан өнгийн хувцас өмсөж, хүүхдүүдтэй тоглодог байсан ч өсвөр насныхантай яг л том хүн шиг харьцдаг байсан бөгөөд энэ болон бусад шалтгаанаас нь Кристин түүний нөхөр Майкл Барнетт нар өргөмөл охин нь яагаад ч зургаан настай биш болохыг нь гадарлах болж.

Хамгийн аймшигтай нь өргөмөл охин Наталья Грэйс шинэ гэр бүлийнхнээ төрөл бүрийн аргаар хөнөөж байгаа тухай зураг зурж, түүнийгээ гэрийнхээ ард талын цэцэрлэгт булдаг байсан бөгөөд ээжийгээ хөнөөх дөхсөн байна. Гэр бүлийнхнээ үргэлж хөнөөнө гэж сүрдүүлэн асар ширүүн харьцдаг, өргөж авсан ээжийгээ хөнөөх гэсэн удаа дараагийн оролдлогоос нь болж 2013 онд Наталья Грэйст тусад нь байр түрээсэлж өгөөд өргөж авсан ээж аав нь Канад рүү нүүжээ.

Үүнээс болж хүүхдээ орхисон хэргээр тэднийг шүүхээр гэм буруутай эсэхийг нь дэнслэх гэж байна. Тодруулбал, хосууд зургаан настай охин биш 22 настай одой хүн өргөж авсан байна. Үүнийг тэд хэд хэдэн баримтаар нотолж, Наталья Грэйс гэгч нь Украин хүн биш болох нь тогтоогджээ. Одоо харин шүүх хэргийг хэрхэн шийдэхийг хүлээх үлдээд байгаа аж.