Зуун жилийн баталгаатай Нарны гүүр долоо дахь жилээсээ эвдэрч эхэллээ.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Нарны замыг Их тойруугийн Энгельсийн гудамжтай төмөр зам дээгүүр холбосон энэхүү гүүрэн гарцын төслийг 2009 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн. Төслийн нийт өртөг 3.7 тэрбум иен бөгөөд хугацаанаас нь нэг сарын өмнө дуусгасан байдаг.

Япон улсын дэвшилтэт технологиор баригдсан ган хийцтэй металл гүүрэн гарц нь явган хүний зам, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат бүхий авто замын иж бүрэн байгууламж болсон. Ашиглалтад орсноос хойш 20 жилийн хугацаанд их засвар хийх шаардлагагүй гэж байсан цаг саяхан. Гэвч өдгөө долоо дахь жилийнхээ босгон дээр ийнхүү эвдэрч эхэлжээ.

image

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Нарны гүүр нь хуулиараа яаманд харьяалагдах боловч засвар, үйлчилгээг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцдаг” гэсэн юм. Гүүрэн гарцын эвдрэлийг маргааш буюу аравдугаар сарын 5-ны өдрөөс засварлах ажил эхэлнэ” гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.

“Цаашид тогтмол хугацаанд засвар, арчилгаа хийвэл 100 жил ашиглах боломжтой” гэж японы мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байсан гүүрэн гарц арав хүрэхгүй жилийн хугацаанд ийнхүү эвдрэлд орсонд иргэд сэтгэл дундуур байна.