Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан прокурорын хэрэг “цагааджээ”

Прокурор хүн хахууль авч байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийнханд баригджээ. Улмаар хэргийг харъяаллын дагуу АТГ-аас шалгаж яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ял сонссон прокурорын хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх дээр хэрэг нь ирээд замхарсан байна. Уг нь хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой байв… Гэтэл прокуророор ажиллаж байсан Ж.Отгонбаяр гэгчид хууль өөрөөр үйлчилсэн бололтой байна…

2016 онд Нийслэл болон Сүхбаатар дүүргийн ахлах прокуророор ажиллаж байсан Ж.Отгонбаяр гэгч нь П.А гэх бүсгүйд “хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоол”-ыг гаргаж өгөхийн тулд гурван сая төгрөг нэхсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан П.Ааас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн орчим түүний эзэмшлийн “Соната” маркийн 58-00 УНЕ улсын дугаартай автомашинд 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан байна.

Хахууль авсан прокурор асан Ж.Отгонбаяр гэгч хэн бэ

Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, Цэцэнбал овогт Жавзангийн Отгонбаяр.

Тэрбээр хэрэгсэхгүй болсон хэргийн тогтоолыг гаргах өгөхийн төлөө гурван сая төгрөг нэхэмжилж, хуваан өгсний төлөө хэл амаар доромжилж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангана гэдгээ илэрхийлсэн тухай хавтаст хэрэгт баримтаар авагджээ.

Хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018-04-05-ны өдөр энэ хэргийг хэлэлцээд Шүүгдэгч Цэцэнбал овогт Жавзангийн Оыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг) 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018-07-05-ны өдөр хэргийг хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээсэн.

Улсын дээд шүүх 2018-10-10-ны өдөр хэргийг хэлэлцээд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ж.О, П.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан.
Анхан шатны шүүх дээр ирээд хэрэг нь “хэрэгсэхгүй болсон, цагаадсан” гэх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж өглөө.

Прокурор ёс зүйн зөрчил гаргах нь иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай байдаг. Гэтэл ийнхүү хахууль авсан нь баримтууд нь хавтаст хэрэгт байсаар байхад хэргээс мултараад гардаг Монгол улсын хууль Ж.Отгонбаярт өөрөөр үйлчилж байгаад хэн хяналт тавих вэ?

Хэргийн талаар дэлгэрэнгүй унших холбоос

http://new.shuukh.mn/eruuanhan/19932/view -анхан

http://new.shuukh.mn/eruudavah/5732/view – Давах

http://new.shuukh.mn/eruuhyanalt/1215/view -Улсын дээд шүүх