Миний ярилцлагыг унших гэж байгаа хүн бүрд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрийн энэ ярилцлагыг олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна. Та бүхэн уншаад өөрийн сэтгэгдлээ хуваалцаарай. Миний ярилцсан эмэгтэйн үгс олон хүнд нэгийг бодогдуулах байх гэж бодож байна.


Хүний амьдралд сонголт хийхэд оройтно гэдэг аюул байх юм. Оройтно ч гэж дээ, сонголт хийхэд хэцүү болно гэж нэрлэх нь зөв байх. Гэхдээ сонголт хийхэд мэдээж оройтохгүй. Амьдралын замаа буруу сонгосон тэр нэг эмэгтэйг би “янхан” аль эсвэл “биеэ үнэлэгч” гэж нэрлэхийг хүсэхгүй байна. Тэр бол сайн ч, муу ч эмэгтэй хүн. Миний хүндтэй ярилцагчдын нэг. Ингээд та бүхэнд өөрийн хаалттай ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу? Би таныг нэлээн удаан харж суулаа тэгээд тантай танилцаж ярилцмаар санагдаад зориг гаргаад ирлээ. Та зөвшөөрвөл надтай ярилцаач ?

-Юуны тухай тэр вэ? Би дургүй байна.

-Та миний бүх асуултад хариулах албагүй ээ. Би зүгээр л тантай ярилцах л гэсэн юм.

-За за. Гэхдээ чи чинь лесби юм биш биз дээ ?

-Үгүй ээ. Та яагаад тэгж бодоо вэ?

-Эрэгтэй хүмүүс л надтай яриа өддөг болоод л тэр…

-Юуны өмнө би танд өөрийгөө танилцуулъя намайг Анударь гэдэг. Би сэтгүүлчээр ажилладаг. Таныг хэн гэдэг вэ?

– Намайг У гэдэг. Чи бодвол миний хэн болохыг гадарлаад л ирээ байлгүй.дээ./Санаа алдав/

-Тийм ээ, мэргэжлийн онцлог гэх юм уу, сониуч зан гэх юм уу би сайн мэдэхгүй байна. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол намайг уучлаарай.

-Зүгээр дээ зүгээр. За тэгээд эгчээсээ юу асуухыг хүсэв? Орой болж байна эгчид нь жоохон л зав байна.

-Та хэдэн настай вэ? Нууц биш бол хэлээч? Бас та даарахгүй байна уу? Гадаа хүйтэн, сэрүүхэн байхад та шилэн тирко, богинохон банзалтай байх юм? Эрүүл мэндэд чинь маш муу ш дээ.

-Нуугаад байх юу байхав дээ. Эгч нь 32-той. Даарахаа сүүлдээ больчихдог юмаа. Эрүүл мэндэд муу нь ч муу л даа. Ер нь миний хийж байгаа бүхэн л эрүүл мэндэд муу. Тэгээд одоо яахав дээ, ингэж хувцаслахгүй бол эвгүй байдаг юм. Эхэндээ ч даардаг л байлаа. Одоо бол тоохоо больчхож.

-Би танаас юу хийдэг вэ гэж асуувал та эмзэглэх байх. Гэхдээ асуухгүй өөрийнхөөрөө бодчихвол буруудчих юм шиг санагдаад байх юм. Та яагаад энд ингээд зөрсөн эр хүн бүрийн хараанд өртөх гэж хичээж наашаа гэснийг нь дагахад бэлэн зогсож байгаа юм бэ? Танд өөр сонголт байгаагүй гэж үү? Яагаад ийм зам руу орчихов оо?

-Тэгж ч асуух болов уу гэж бодоод юу гэж хариулахаа мэдэхгүй яах вэ гэж бодож л суулаа. Ямар янхан,биеэ үнэлэгч хийдэг гэлтэй нь биш дээ. /Санаа алдав/ Яагаад зогсож байгаа нь энгийн ш дээ. Мөнгө олох гэж л тэр. Надад сонголт байсаан байсан. Хүн бүрд л сонголт байдаг гэдэг байх аа. Энэ зам руу яагаад орсноо би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Юу ч хэлэхэв дээ. Ямар нээх сайхан замаар яваад байгаа биш. Надад хэлэх үг алга.

-Амьдралын замаа буруу сонгоод та хэр удаж байна?

– 9,10 жил болж байна. Яасан тойруугаар зөөлхөн асууж байх юм./Инээв/

-Таныг эмзэглүүлчихвий гээд л. 22,23-хан настай залуухан эмэгтэй яаж яваад буруу зам руу хазайчихваа. Хүсвэл надад хэлээч?

-Би их урт үстэй сайхан охин байсан. Унаган хотынх биш л дээ. Багшийн их сургуульд багш болно гээд л анх хотод орж ирж байсан юм. Эхэндээ юугаа ч мэдэхгүй охин хичээлээ хийгээд л их даруухан байсан. Сүүлдээ тэгээд л наргиж цэнгэж, бусадтай адилхан хэрэглэж нөгөө хотын охин гээч нь болохыг л хүсэх болсон. Тэр хүслээс л бүх юм эхэлсэн юм даа,одоо бодоход. Тэгээд л аав, ээжийнхээ өгсөн сургуулийн төлбөр гэх мэт хамаагүй үрж болохгүй мөнгийг дураараа үрчихдэг байсан. Тэрнээс болоод сургуулиа төгсөж чадалгүй хаяад, сүүлдээ мөнгөгүй, юу ч байхгүй мөнгө олох хэрэгтэй болоод л анх биеэ үнэлсэн. Сургууль ч байхгүй, юу ч байхгүй замаа алдсан даа. Сургуулиа хаяж ийм зам руу орсондоо би их харамсдаг. Буцаад сургуульдаа орж төгсөх боломж уг нь байсан даанч би гэж ухаангүй хүн тэгж чадаагүй. Уг нь дотроо за ганц удаа тэгээд л ахиад ийм муухай юм хийхгүй гэж бодож байсан. Тэгээд л сүүлдээ мөнгө хэрэг болох болгонд давтаж явсаар одоо ийм л байдалтай байна даа.

-Шунал гээч зүйл их аймшигтай шүү. Та тэр үедээ найз залуутай байсан уу? Одоо байдаг уу?

-Тэр үедээ бол байсан.Тэгээд сүүлд намайг тийм зүйл хийж явааг мэдээд бид 2 салсан. Уг нь би түүндээ их хайртай байсан. Одоо ч юу байхав дээ. Хэн ийм эхнэртэй байхыг хүсэхэв дээ.

-Та тэгээд яагаад больж болоогүй юм бэ? Хайртай хүнийхээ төлөө больж болоогүй гэж үү?

-Эгч нь одоо ч харамсдаг. Болих минь яав даа гэж. Хэрвээ тийм зам руу ороогүй бол би өдийд түүнтэйгээ суучихсан үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байх байсан даа гэж байнга бодож харамсдаг. Ёстой л нөгөө хожуу харамсал гээч нь л энэ байх даа. Одоо харамсаад ч яах билээ.

-Та өдөрт хэдэн төгрөг олдог вэ? Ер нь та өөр ажил хийж үзсэн үү?

-Үзсэн. Хэцүү юм байна лээ. Цалин нь ч бага. Би өдөрт багадаа 100,000-200,000-ыг олдог. Ихдээ тэгээд л 200,000-аас дээш. Өөр ажил хийгээд ингэж олохгүй ш дээ.

-Мэдэхгүй юм даа. Энэ мөнгө л таныг энэ замаас чинь гаргахгүй хүлээд байдаг бололтой. Та хүүхэдтэй юу?

-Одоо бол надад мөнгө л хэрэгтэй шүү дээ. Хүүхэд байхгүй ээ. Би 5 удаа абортонд орсон. Сүүлд эмч одоо намайг ахиж хүүхэд олохгүй гэсэн.

-Нэгийг нь ч болтугай төрүүлж болоогүй гэж үү? Бурхан танд 5 удаа бэлэг өгсөн байна ш дээ. Та яагаад хүлээж авсангүй вэ?

-Хэн янхан ээжтэй байхыг хүсэх юм бэ? Би төрөх хүүхдээсээ ичсэн. Тэгээд л тэр. Эцэггүй дээр нь ээж нь янхан. Хүмүүс миний хүүхдийг гадуурхана ш дээ. Тэгж хүүхдээ зовоосноос мөрөөрөө ганцаараа энэ муухай амьдралаа дуусгасан нь дээр.

-Та хэтэрхий амиа боджээ. Миний бодлоор та хэрвээ тэр 5 хүүхдээс нэгийг нь ч болов төрүүлсэн бол тэр хүүхэд өдийд ээжтэйдээ баярлаад гүйж байх байсан даа. Та баян тэнэг хүн үү? ядуу ухаантай хүн үү? Өөрийгөө тодорхойлж хэлбэл?

-Аль нь ч биш. Би ядуу тэнэг хүн. Үр хүүхэд, гэр бүл юу юу ч үгүй би ядуу хүн. Биеэ үнэлж мөнгө олоод миний баяжсан хаана байгаа юм. Ер нь хэнд ч тийм түүх байхгүй. Ядуу дээр нь тэнэг. Эмэгтэй хүн гэж өөрийгөө нэрлэхээс ч надад ичмээр санагддаг. Над шиг нүгэлтэй бузар хүн тамд л очих байхдаа. Тэгж бодохоор үхэхээсээ ч айдаг.

– Шунал таныг аз жаргал руу биш айдас руу л хөтөлсөн байна. Та харин өөрийгөө ирээдүйд хаашаа хөтлөөд байна? Та одоо ирээдүйгээ ер нь арай өөрөөр буюу гэгээлгээр төсөөлдөг үү?

-Би өөрийгөө харанхуй руу л хөтөлж яваа байх даа. Угаасаа ийм хүн ямар сайн руу тэмүүлэх биш. Гэгээлгээр бодно оо бодно. Энэ замаас гараад сайхан зөв амьдрахыг хүснэ. Гэхдээ мэргэжилгүй хүн өөр юу хийж, яаж амьдрах юм бэ? Энэ зам руу орж байхад надад сонголтууд байсан. Одоо бол байхгүй ээ.

-Яагаад байхгүй гэж? Та өөрийн амьдралаа одоо ч өөрчилж чадна. Оролдоод үзэж яагаад болохгүй гэж?

-Хэлэхэд амархан л байгаа байх. Оролдож үзээгүй биш үзсэн. Одоо бол оролдоод үзэх гэхээсээ илүү оролдоод үзэх хүсэл зориг алга. Үнэн ийм л байна.

-Би ч юу гэхэв дээ, таны л шийдвэр. Би таныг янхан, биеэ үнэлэгч гэж нэрлэмээргүй байна. Та бол эмэгтэй хүн. Харагдах байдлаасаа ч сайхан хүүхэн байна. Дотроо ч бас харамсаж харуусаж яваа сайн хүн юм. Алдаагаа ухамсарлаж шаналж явдгийг чинь би хүндэлж байна. Би танаас нэг юм асууя. Та түрүүн өөрийгөө эмэгтэй хүн гэхээсээ ч ичдэг гэсэн. Тэгвэл эмэгтэй хүн ямар байх ёстой юм бол?

-Баярлалаа. Ямар сайхан үгс вэ? /Уйлж суусан/. Над шиг л байж болохгүй. Биеэ ариун байлгаж хайртай хүндээ л зориулах хэрэгтэй. Эмэгтэй хүн ер нь их эдийн шуналтай байдаг. Тэрийгээ дарах хэрэгтэй. Бусдаас гоё ганган байлаа гээд юу ч хожихгүй. Гол нь ухаантай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн биеэ л гаргуунд нь гаргаж бузартуулж болохгүй…

-Одоо үед олон охид буруу замыг сонгох болсон харагддаг. Биеэ ил тод үнэлэхгүй юмаа гэхэд өөр байдлаар бараг л янхан болоод байгаа. Олон залуустай нэр холбогдож, унтаж хэвтэнэ, шоудана, архи ууна, абортонд орно. Тэд бол буруу замаасаа гарч сонголт хийхэд оройтоогүй байгаа. Та тэр охид болон өөр бусад охидод хандаж юу гэж хэлэх вэ?

-Над шиг л битгий алдаа хийгээрэй. Оройтоогүй байгаа дээрээ буруу замаасаа гарах хэрэгтэй. Залуу нас богинохон. Бүүр дэндүү богинохон шүү. Дараа гэхгүй яг одооноос шууд буруу зүйлээс өөрийгөө яаж ийж байгаад татах хэрэгтэй. Олон хүний өврийг дулаацуулсан эмэгтэй нэг хүний өвөрт удаан тогтдоггүй юм. Ариун байхад л эмэгтэй хүний мөн чанар оршдог. Өөрийгөө бодоод, ирээдүйд төрөх хүүхдээ бодоод зөв замаар алхах хэрэгтэй. Хэн ч муухай, олонд муу нэртэй эхнэртэй, ээжтэй байхыг хүсэхгүй ш дээ. Тийм болохоор хүүхдийнхээ бахархал нь болохын төлөө буруу зам руу л орж болохгүй шүү. Орчихсон алдаж яваа охидод та нарт сонголт байгаа, та нар ирээдүйгээ гэрэлтүүлж чадна гэж хэлье. Зөв замаар яваа охидод хэлэхэд үнэхээр бахархаж байна. Битгий буруу зүйл рүү хазайгаарай. Ер нь замаа алдсан, алдаагүй гэлтгүй та нар эмэгтэй хүн шүү. Өөрсдөөрөө бахархаж яваарай. Над шиг л битгий хожим харамсах юм хийгээрэй.

– Надаас жийрхэлгүй нээлттэй ярилцсанд тань маш их баярлалаа.

-Үгүй дээ. Чамд баярлалаа. Ингэж ярилцаж байсан удаа надад байхгүй. Сэтгэл минь онгойгоод сайхан болчихлоо.

Намайг явсны дараа “У” эгч нөгөө газраа хэн нэгнийг эргүүлдэн эргэж буцан алхлан эхэллээ. Учир нь нар доошилж түүний “ажил” нь эхлэх цаг болж байсан юм. Түүнд сонголт байсан. Гэхдээ хэтэрхий хожуу ухаарснаас түүний сонголт хийх боломж аль хэдийн алга болжээ. Амьдрал өөрөө сонголт л юм даа. Сонголтоо яаж хийхээс л ирээдүйн амьдрал шалтгаална. Охид минь та нар арай буруу сонголт хийж буруу замаар яваад байгаа юм биш биз дээ?

Ярилцагчийнхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нэр болон зургийг нууцалсан болно.

Сэтгүүлч: Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.