Монголчууд бидний үзэн яддаг Хятад улс саяхан дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлаа нээж, 70 жилийн ойгоороо өмнө нь харуулж байгаагүй шилдэг цэргийн зэвсгүүдээ олонд танилцуулж, оюутнууд нь дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд үүрийн 5 цагаас эхлэн номын санд дугаарлаж байхад манай залуус архидсаар, зодолдсоор, нэг нэгнээ шүүмжилсээр, жалга довны хэрүүлээ хийсээр л…

Бичлэг үзэх 

Одоо бүр эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь архи ууж, нэг нэгнээ зодож, танхайрч гэмт хэрэгт холбогдох нь их болжээ. Юутай харамсалтай.

Ид хийж бүтээх насан дээрээ хийцгүйрч яваа залуус Монголын ирээдүйг дэндүү харлуулж байна. Тэгээд болоогүй ийм ухамсаргүй залуусаас үр хүүхэд мэндэлнэ гэхээр төсөөлөхөд ч бэрх юм.

Монголчууд оюуны потенциалаараа хаа ч ялгарч чаддаг. Гэхдээ өмсөж зүүсэн нь хэнээс ч дутахааргүй харагдах охид, залуусын тархи аль хэдийн илжрээд дуусжээ.

Өнөөдөр Монголын нийгэмд асуудал их байгаа хэдий ч үнэхээр хүсээд, хичээж чадвал маш их боломжууд байна. Ажлын байрууд ч жил ирэх тусам нэмэгдэж, зарын сайтуудаар ажил олгогчид нь “Ажил хийх хүн алга байна” гэж халаглаж байна.

Харин 18-35 насны залуус баасан гараг бүр шоудахаа л хууль мэт ягштал биелүүлдэг болжээ. Баасан гарагт Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихсэж, хаа сайгүй л архи, пиво ууж суугаа залуучууд харагддаг. Тэд шөнө нь зодолдож, гэмт хэрэг үйлдэж аваар осол гаргаж хэдэн цагдаа нарынхаа ясыг цайлгана.

Энэ л үнэн төрх Монголын ирээдүй аж.

Юунд найдаж, юунд итгэж яаж амьдраад байгаа нь ер тодорхойгүй шоучин залуус насны эцэст гудамжны архичид, биеэ үнэлэгчид, хараа хяналтгүй хаягдсан хүүхдүүдийн тоог олшруулахвий.

Баар цэнгээний газраас жаргал эрдэг, стрессээ тайлж байгаа нэрийдлээр өөрсдийгөө хорлодог байдал хэзээ арилах вэ? Угтаа бол хар бүхэн шингэсэн тэдгээр газруудад сайн сайхныг даллах юу ч олдохгүй.

Хүсэл тэмүүлэл, зорилгыг өөртөө бий болгож, өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж, амьдралаа үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэх тийм ч хэцүү зүйл биш. Гэвч дэндүү арчаагүй охид, залуус хар усанд толгойгоо мэдүүлж, ажиллаж, суралцахын оронд мансуурч, хөлчүүрхэн явж байна.

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээ хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргүүд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Мөн нийгмийг цочроосон олон гэмт хэргүүдийн ихэнхийг нь согтуу эсвэл мансуурсан хүмүүс үйлдэж байгааг бүгд харж, сонсож байгаа…

Ерөөсөө л эцэг, эхийнхээ эсвэл өөрийн олсон хэдэн төгрөгөөрөө зовлон худалдаж авч ууж байгаа нь авто машины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн амины хэрэг гэх мэт олон асуудлуудын эх үүсвэр болж байна.

Биеэ захирч чадахгүй, ухаан мэдрэлээ алдталаа согтсон хүмүүс бусдын амь насанд эрсдэл учруулах үйлдлийг хэнэг ч үгүй хийж чаддаг. Энэ бол маш том аюул юм.

Дэлхийд нэрээ цуурайтуулж яваа, эх орондоо ч хичээнгүйлэн ажиллаж яваа олон мундаг залуус манайд бий. Тэднээр бахархахгүй байхын арга үгүй. Харин тэднээс суралцаж, үлгэр жишээ авдаг залуу үе хичнээн бол. Дандаа хийж, бүтээж байгаа нэгнээ муулна, гоочилно. Тэгээд өөрсдөө гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулахгүй зөвхөн амаараа л том том “баана”.

Адаглаад ирээдүйд хэвлийдээ үр тээх охид, бүсгүйчүүд минь дэг жаягтай, соёлтой, ухамсартай, үлгэр жишээ баймаар байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гутааж, өөрсдийгөө доош нь хийж, үнэ цэнэгүй амьдралаар битгий амьдраач!!!

Н.Чимгээ

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.